Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Увс нуурын хотгор,  Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Дархадын хотгор, Ерөө голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус  хүйтэн байна.

Улаанбаатар хотод:. Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 метр.  2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст, 3 сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.   Салхи 27-нд нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст 13-15 м/с хүрч шороон болон цасан шуурга. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 28-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

2. Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:

Аврах ажиллагаа: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Хэмээлэг” гэдэг газар Ховд голд /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ А /8 настай, эмэгтэй/ Ховд голын мөс цөмөрч усанд живсэн тухай дуудлагыг 2017.02.22-ны өдрийн 19:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, Цагдаагийн газрын 5 албан хаагч, орон нутгийн 8 иргэн, Эс Эс Монголия ХХК-ийн 8 ажилчин, нийт 29 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр 2017.02.25-ны өдөр ажиллаж голын мөсийг 25 метр хагалж, 18 ширхэг цооног гарган цоолж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Голын өргөн 8-12 метр, гүн 1.5 метр, мөсний зузаан 30-40 см байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 5 дугаар хэсгийн 11 дүгээр гудамжны дулааны худгууд шар усны үер буусны улмаас усаар дүүрсэн дуудлагыг 2017.02.25-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, аймгийн “Сэлэнгэ энерго” дулааны цахилгаан станцаас 6 хүний бүрэлдэхүүнтэй засварын бригад, “Урсгал-Ус” ХХК-ийн 2 хүн, нийт 16 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж үерийн ус урсаж байсан газруудад 2 машин нүүрсний хог /шланк/ асган тарааж, компанийн сорогч машинаар  45 тн усыг соруулан, халаалтын шугамыг 23:55 цагт хэвийн ажиллагаанд оруулсан.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт “Баруун булаг” гэдэг газар /сумаас хойш 23 км-т/ Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хөөтийн уурхайд шатахуун нийлүүлэхээр явж байсан цистерн унасан тухай дуудлагыг 2017.02.25-ны өдрийн 20:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч ажиллаж жолооч Б /30 настай, эрэгтэй/, зорчигч иргэн Т /24 настай, эмэгтэй/, охин А /2 настай, эмэгтэй/ нарыг сумын хүн эмнэлэгт үзлэг хийлгээд биеийн байдал нь хэвийн байсан тул сумын төвд аюулгүй газарт хүргэж “Хонда” загварын 10-55 УНИ улсын дугаартай 22 тн түлш ачсан автомашиныг татан босгож аюулгүй болгосон.

3.Ой, хээрийн түймэр:

Ховд аймгийн Ховд сум, Эрдэнэбүрэн сумын зааг Шураг багийн “Болжмын хаяа” /аймгийн төвөөс 40 км-т/ гэдэг газар хулсны хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.02.25-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, тус 2 сумаас 99 иргэн, нийт 112 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.02.25-ны өдрийн 20:10 цагт түймрийг цурманд оруулан 22:50 цагт түймрийг бүрэн унтрааж багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

4.Объектын гал түймэр:

Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн барилгачдын хороонд цэцэрлэгийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.25-ны өдрийн 09:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил  багийн Нэгдсэн эмнэлгийн нэгдсэн халаалтын 1 дүгээр дулааны станц дээр LG-930 загварын түрдэг ковш шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.25-ны өдрийн 11.29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.25-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн “Ав хайрхан”  гэдэг газар малчин Д-гийн 68-79 ӨВА улсын дугаартай /өвс ачсан/ Форланд загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.25-ны өдрийн 12:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай;

Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд машин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.25-ны өдрийн 21:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Дорнод аймгийн Хэрлэн сумын Ялалт багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.25-ны өдрийн 22:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

                                                  ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top