Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 7-12 м/с. Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд говь, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-6-нд  нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 3-4-нд ихэнх нутгаар, 5-6-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор,  Хүрэн бэлчир  орчим болон Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 6-наас нутгийн баруун хагаст хүйтний эрч суларна.

2. Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:

Сураггүй болсон: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Борын хоолой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ иргэн Э-гийнхээс 2017.03.01-ний өдрийн 01:00 цагт иргэн Б /30 настай, эрэгтэй/ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 2017.03.01-ний өдрийн 04:28 цагт хүлээн авч Зэвсэгт хүчний 329 дүгээр ангийн 5 албан хаагч, орон нутгийн 10 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Ялалт багт айлд эсэн мэнд байсныг олсон.

Усанд осолдсон: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Хэмээлэг” гэдэг газар Ховд голын мөс цөмөрч /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ А /8 настай, эмэгтэй/ усанд живсэн тухай дуудлагыг 2017.02.22-ны өдрийн 19:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 16 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж осолдсон газраас 40 метрийн зайд мөсөн доороос цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Ховд аймгийн Дөргөн сумын Агбиш багийн нутаг “Уур баагдаг” гэдэг газарт эксел загварын 77-10 ХОҮ улсын дугаартай суудлын автомашин “Хар-Ус” нуурын харзны усанд цөмөрч унасан тухай дуудлагыг 2017.03.02-ны өдрийн 01:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 9 албан хаагч, Цагдаагийн газрын 5 албан хаагч, нийт 14 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр жолооч О /26 настай, эрэгтэй/-г машинтайгаа живснийг гаргахаар ажиллаж байна. Уг автомашинд нийт 7 хүн зорчиж явснаас 6 иргэн нь мөсөн дээр эсэн мэнд гарсан.

Ус, цас, шаварт саатсан: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн Чатын даваа гэдэг газар иргэн Х-гийн 42-20 УНЭ улсын дугаартай “Соната” загварын автомашин шатахуун дуусч цасанд суусан тухай дуудлагыг 2017.03.01-ний өдрийн 06:54 цагт хүлээн авч Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 9 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, А /29 настай, эрэгтэй/, Э /24 настай, эрэгтэй/, Э /23 настай, эмэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.

Аврах ажиллагаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 52, 58, 59 дүгээр гудамжуудад 2017.03.01-ний өдрийн 16:30 цагт уулын цас хайлж  шар усны үер бууж 13 айл  үерт автсан тухай дуудлагыг 2017.03.01-ний өдрийн  16:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 2 байгууллагын 6 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 30 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, үерт автсан 13 айлын хашаанд 100 метр суваг шуудуу татан усны урсгалыг өөрчлөн аюулгүй болгосон.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр  хороонд 5 давхраас  эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2017.03.02-ны өдрийн  02:05 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн Б /40 настай, эмэгтэй/ амиа хорлох гэж байсныг цонхоор нь орж аюулгүй болгон дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.

3.Объектын гал түймэр:

Объектын гал түймэр: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.01-ний өдрийн 16:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн “Суурин худаг”  гэдэг газар иргэн Т-гийн 400 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.01-ний өдрийн 13:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.01-ний өдрийн 19:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

4.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум /сумаас баруун зүгт 52 км-т/ “Их цагаан” гэдэг газар 39-61 УБО улсын дугаартай Ланд-80 загварын автомашин онхолдож замын хажуу руу унасан тухай дуудлагыг 2017.03.01-ний өдрийн 08:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б /31 настай, эрэгтэй биеийн байдал хүнд/, Т /6 настай, эрэгтэй/ нарыг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, иргэн Б /33 настай, эрэгтэй/ газар дээрээ нас барсан тул Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Баруун шанаганы-Ар” гэдэг газар  Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Уянга сум руу зорчиж явсан 89-48 УБА улсын дугаартай Ниссан загварын автомашин, Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан 09-90 УБВ улсын дугаартай Kиа загварын хүн тээврийн автобустай мөргөлдөж 1 хүн төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.03.01-ний өдрийн 13:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Н /49 настай, эмэгтэй/, Б /46 настай, эрэгтэй/, С /23 настай, эрэгтэй/, Д /22 настай, эмэгтэй/ нарыг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, иргэн Д /9 настай, эмэгтэй/ газар дээрээ нас барсан тул Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Хархорин сумаас 65 км-т, Архангай аймгийн Хашаат сумын нутаг “Номгоны-Ар” гэдэг газар  Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хархорин сум руу зорчиж явсан 48-92 УБГ улсын дугаартай Субару загварын суудлын автомашин,  Улаанбаатар хот руу зорчиж явсан 10-61 УНА  улсын дугаартай Tоёота загварын суудлын автомашинтай мөргөлдөж машины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.03.01-ний өдрийн 18:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж иргэн А /12 настай, эмэгтэй, хүнд гэмтэлтэй/, О /2 настай, эмэгтэй/, болон ухаангүй 3 том хүнийг Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт хүргэж, иргэн Н /50 настай, эмэгтэй/, Б /52 настай, эрэгтэй/ нар газар дээрээ нас барсан тул Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

 

                                                  ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top