Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Өвөрхангай аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 7-12 м/с. Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 5-нд  нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 3, 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2, 3-нд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Ерөө голын хөндийгөөр  шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө    18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:

Сураггүй болсон: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Борын хоолой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ иргэн Э-гийнхээс 2017.03.01-ний өдрийн 01:00 цагт иргэн Б /30 настай, эрэгтэй/ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 2017.03.01-ний өдрийн 04:28 цагт хүлээн авч Зэвсэгт хүчний 329 дүгээр ангийн 5 албан хаагч, орон нутгийн 10 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Усанд осолдсон: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Хэмээлэг” гэдэг газар Ховд голын мөс цөмөрч /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ А /8 настай, эмэгтэй/ усанд живсэн тухай дуудлагыг 2017.02.22-ны өдрийн 19:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 16 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.02.28-ны өдрийн байдлаар нийт 112 метр газарт 28 цооног гаргаж, “SNU” загварын усны камер ашиглаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

3.Объектын гал түймэр:

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Туул”-ын “Задгай”-д самрын үйлдвэрийн хашаанд их хэмжээний самрын ясны хог шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.28-ны өдрийн 14:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан багийн иргэн Н-ийн эзэмшлийн 43-23 БРА улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.28-ны өдрийн 18:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа   багийн “Хоёр даваа” гэдэг газар иргэн Ж-гийн 29-80 УНӨ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.28-ны өдрийн 19:12 хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

                                                  ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top