Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, төв болон говийн аймгуудын зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ.Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Ерөө голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгаар 2-7 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с. 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд нутгийн зүүн хагаст, 3 сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төвийн нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 28-нд ихэнх нутгаар, 2, 3-нд зарим газраар 13-15 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1, 2-нд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 28-нд нутгийн зүүн хагаст, 3-р сарын 3-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

2. Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:

Шар усны үер: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 11 дүгээр гудамжаар шар усны үер бууж дулааны худаг усаар дүүрч, 13 айлын ар талд үерийн далан нэвчэн, 12 айлын халаалт зогссон  гэсэн дуудлагыг 2017.02.26-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, орон нутгийн 15 иргэн, “Урсгал ус” ХХК-ийн 1 ажилтан, нийт 22 хүн,  2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж дулааны худгаас 40 тонн ус соруулсан.

Цасанд саатсан: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Баян-Уул” гэдэг газар иргэн Б-гийн 27-02 УБН улсын дугаартай “Ланд- 470” загварын автомашин 2 зорчигчтой цасанд суусан тухай дуудлагыг 2017.02.26-ны өдрийн 16:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 2 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашинийг цаснаас татан гаргаж, иргэн Д /60 настай, эрэгтэй/, Б /45 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газар хүргэсэн.

Аврах ажиллагаа: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Хэмээлэг” гэдэг газар Ховд голд /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ А /8 настай, эмэгтэй/ Ховд голын мөс цөмөрч усанд живсэн тухай дуудлагыг 2017.02.22-ны өдрийн 19:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 16 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.02.26-ны өдрийн байдлаар нийт 50 метр газарт 30 цооног гаргаж, “SNU” загварын усны камер ашиглаж эрлийн ажиллагааг явуулсан. Голын өргөн 8-12 метр, гүн 1.5 метр, мөсний зузаан 30-40 см байна.    

3.Объектын гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд иргэн А-гийн байшин  шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.26-ны өдрийн 08:58 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын зам дээр иргэн иргэн Б-гийн 54-22 УНЯ улсын дугаартай “Соната-2” загварын автомашин  шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.26-ны өдрийн 11:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагы 2017.02.26-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Дундговь аймгийн  Сайнцагаан сумын Үйзэн багийн “Буянт” гэдэг газар иргэн П-гийн адууны  жүчээнд 1400  боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.26-ний өдрийн 11:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашин, нэмэлт дуудлагаар мөн ангийн 8 албан хаагч 1 автомашинтай;   

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн иргэн Б-гийн 30-37 ХӨВ улсын дугаартай “Фургон” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг  2017.02.26-ны өдрийн 16:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан овоо багийн иргэн А-гийн хашаанд 50 боодол өвс шатаж байна  гэсэн дуудлагыг 2017.02.26-ны өдрийн 17:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

4.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Төв аймгийн Борнуур сумын  Нарт багийн “Холбоо толгой” гэдэг газар /Урьхан зоогийн газраас хойд зүгт 5 км-т/, 34-47 УНХ “Хино” загварын том оврын автомашин,  14-83 УНҮ ”Королла” загварын суудлын автомашинтай мөргөлдөж төмөр хийцэд хүмүүс хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.02.26-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 албан хаагч, Цагдаагийн 8 албан хаагч, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, осолдсон автомашинд задаргаа хийж иргэн С /40 настай эрэгтэй/, У /38 настай, эмэгтэй/, А /6 настай эрэгтэй/, А /3 настай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

 

                                                  ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top