Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс,  Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор  6-11 градус хүйтэн, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Богдын гол, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи 5-10 м/с, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 10-нд говь тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 8-13 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:

Мөс цөмөрч саатсан: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Халгайтын- Ам” гэдэг газар Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан иргэн М-ийн эзэмшлийн 3 зорчигчтой 00-06 УБХ улсын дугаартай суудлын автомашин мөс цөмөрч усанд суусан тухай дуудлагыг 2017.03.08-ны өдрийн 22:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.03.08-ны өдрийн 23:00 цагт автомашиныг уснаас татан гаргасан.

3.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.08-ны өдрийн 09:04 хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.08-ны өдрийн 11:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн “Хээтэй” хороололд орцны зоорийн давхарт иргэн С-ийн өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.08-ны өдрийн 18:12 хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Х /5 настай, эрэгтэй/, Е /4 настай, эрэгтэй/ нар бага зэрэг угаартсан байсан тул эсэн мэнд гаргаж аймгийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

                                           

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top