Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын зарим нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Богдын гол, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн аймгуудын нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 4-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 15-нд Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 18-23 градус, өдөртөө 4-9 градус, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:

Аврах ажиллагаа: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хадагтай мод” гэдэг газар /сумын төвөөс 8 км-т/ 6 автомашин замын хажуу руу орсон  тухай дуудлагыг 2017.03.10-ны өдрийн 15:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 6 автомашин, 9 иргэнийг замын хажуугаас татан гаргасан.

Баянгол дүүргийн 18 дугаар хороо,  дүүргийн Цагдаагийн хэлтсийн хойд талд үерийн далан дээр мөнгөн ус худалдаалж байсан  иргэдийг саатуулсан тухай дуудлагыг 2017.03.10-ны өдрийн 15:26 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн хураан авсан 165 орчим грамм мөнгөн усыг зөөвөрлөн ангийн байрлалд ирсэн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар:

Төв аймгийн Баянцагаан сумын Түрүү багийн “Бялзмар” гэдэг газар малчин Н-ийн 10 хонинд 2017.02.25-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.04-ний өдрийн 17-512 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Халзангийн-Энгэр” гэдэг газар малчин Ц-гийн 8 хонинд 2017.03.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.07-ны өдрийн 17-615 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Саглагар” гэдэг газар малчин Ц-гийн үхэрт малын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.03.07-ны өдрийн 17-87 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Улаан-Овоо” гэдэг газар малчин Ж-гийн 12 хонь, мөн багийн “Цагаан дэл” гэдэг газар малчин Г-гийн 66 хонь 2017.02.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.01-ний өдрийн 17-500, 17-501 хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.10-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, нэмэлт дуудлагаар мөн ангийн 6 албан хаагч, нийт 13 албан хаагч, 3 автомашинтайгаар;

Булган аймгийн Булган сумын  Ачуут багийн “Байшинтын-Ам” гэдэг газар иргэн А-гийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг  2017.03.10-ны  өдрийн 15:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

 

                                           

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top