Т.Бадрал: Гамшгаас хамгаалахад сайн дурынхны нийгмийн баталгааг хангахаар хуульчилсан

17269285_1518196408199174_1907357952_o.jpg
  • Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралтай ярилцлаа.

Та хоёр жилийн өмнө энэ албанд ирээд тавьсан зорилго, хийхээр төлөвлөсөн ажлаа  одоо эргээд харахад хэдэн хувь нь биелсэн гэж хардаг вэ?

-Онцгой байдлын салбарт цөөнгүй жил ажилласны хувьд салбарын хөгжил, дэвшлийг олон улсын жишигт хүрчихээсэй, дэлхий нийтийн чиг хандлагад ойртуулах юмсан гэж зорьж энэ ажлыг авсан. Би салбартаа мэргэжилтнээс эхлээд  газрын даргын албыг хашиж байна. Миний  сүүлийн 14 жилийн амьдрал Онцгой байдлын салбарын хөгжил дэвшил, алдаа оноотой холбоотой. Энэ хугацаанд цөөнгүй улс орноор явж үзлээ.

Дэлхийн улс орнууд онцгой байдлын салбар, тэр дундаа гамшгаас  хамгаалахад  ямар ахиц дэвшилтэй ажиллаж байгааг харьцуулж үздэг. Гамшгаас хамгаалах тухай хууль 2003 онд батлагдсанаас хойш энэ жил шинэчлэгдэн батлагдлаа. Тухайн үеийн салбарын хөгжил, дэвшлийг хангасан сайн хууль болсон гэж бидхардаг. Иргэний хамгаалалтын тогтолцооноос орчин цагийн гамшгийн менежментийн тогтолцоо руу  шилжээд 10 гаруй жил болсон байна.

Манай Онцгой байдлын албыг дэлхий нийтийн чиг хандлагын хаана яваад байна вэ гэдэгтэй харьцуулж би хамгийн түрүүнд гурван зорилтыг тавьсан.  Нэгдүгээрт, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх ажлын хүрээнд шинээр анги, салбаруудыг байгууллаа. Сүүлийн хоёр жилд 17 ангийг шинээр байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Үйл ажиллагаа эхлээд явж байна. Хоёрдугаарт, байгууллагын чадавхи, техник тоног төхөөрөмжийг сайжруулахын тулд шийдвэр гаргах төвшний хүмүүстэй нэлээдгүй уулзлаа. Намайг одоогийн хашиж буй ажлаа авч байхад техникийн хүчин чадал 37 хувьтай байсан бол сүүлийн хоёр жилд гадаад, дотоодын хөнгөлөлттэй зээл, тусламжаас 46 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татлаа. Одоо бол техникийн хүчин чадал 56 орчим хувь болж нэмэгдсэн байна. Ямар ч байсан 80 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна. Гуравдугаарт, Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн батлууллаа. Ямартаа ч урдаа тавьсан зорилгууд биелээд явж байна. Онцгой байдлын алба гамшиг зовлон тохиолдоход иргэдийн хүсэн хүлээдэг итгэлтэй, хүчирхэг салбар болсон гэж боддог.

Мөн 2011 онд Их хурлаас баталсан 2011-2021 он хүртэл хэрэгжих Гамшгаас хамгаалах төрөөс баримтлах бодлогын хүрээнд гарсан хөтөлбөр, төлөвлөгөө 87 хувийн биелэлттэй байна.  Хөтөлбөрийн хүрээнд 2021 он хүртэл хийх, гүйцэтгэх маш их ажил бий.

Шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуульд алба хаагчдын нийгмийн баталгааг хэр тусгав. Мөн хуулиар иргэний үүрэг, хариуцлагыг хэрхэн зохицуулсан бэ?

-Гамшгаас хамгаалах тухай хуулийг  батлуулсан нь эрхзүйн маш том шинэчлэл боллоо. Ерөнхийлөгч санаачлан ажлын хэсгийнхнээс эхлээд УИХ-ын дарга, Шадар сайд, бүх хүмүүс тусалж дэмжсэний хүчинд богино хугацаанд батлагдлаа. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах ажлын удирдлага зохион байгуулалт, мөн шат, шатны дарга нарын үүрэг хариуцлагыг тодорхой болгосон. Зарим хариуцлагагүй иргэдээс шалтгаалсан үйлчилгээг төлбөртэй болгох асуудал ч яригддаг. Үүнийг хуульчилж өгсөн. Мөн алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудал нэмэгдсэн, гадаад дотоодын хүмүүнлэгийн тусламжийг анх удаа зохицуулж өгсөн гэж хэлж болно. Хүмүүнлэгийн тусламжийг ямар тохиолдолд яаж хүлээж авахыг зааж өгсөн. Дэлхий нийтээр хэрэглэгдэж байгаа гамшгийн нэр томъёоны асуудал нэлээд хуучирсан байсныг шинэчиллээ. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын бүтцийг хуульчилсан гээд маш олон цогц дэвшилт гарлаа.

Хуучин хуульд иргэдэд үүрэг хариуцлага оногдуулсан, илүү дайчилсан шинжтэй байсан бол шинэ хуулиар иргэдийг сайн дураар нь оролцуулахаар зохицуулсан. Гамшгаас хамгаалахад сайн дураар оролцож яваад амь нас, эрүүл мэндээрээ хохирсон бол нийгмийн баталгааг хангаж өгсөн. Гамшгаас хамгаалах ажил бол бүх нийтийн үйлс. Хүн бүрийн хийх ёстой ажил гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн байдаг. Төр дангаараа хийхэд үр дүнд хүрэхгүй байгаа нь ойлгомжтой байна.

Онцгой байдлын алба өдөр болгон шахам эрсдэлтэй нүүр тулж байдаг хэцүү, жилийн дөрвөн улиралд амардаггүй ажил. Энэ хариуцлагатай албанд орж ажиллахаар сэтгэл шулуудаж байгаа залуусын нийгмийн баталгаа өндөр байх ёстой юм. Энэ үүднээс хуульд нэлээдгүй зохицуулалт оруулсан. Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөл байдлын нэмэгдэл гэж байдаг. Шинэ хуулиар үндсэн цалингаас тооцдог нэмэгдэл 10 хувийг 20-иос доошгүй хувь байх, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд авдаг халамж нэлээдгүй нэмэгдлээ. Мөн мэргэжлийн зэрэг олгож, тодорхой нэмэгдэл өгдөг байхаар хуульчиллаа.  Гамшиг, осолтой тэмцэж яваад эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд авдаг нийгмийн баталгааг нэмсэн. Батлан хамгаалах бодлогын үндэс зэрэг холбогдох хуулиудад ч алба хаагчдын нийгмийн баталгааг хангасан заалтуудыг тусгасан. Академик төвшинд сурч байгаа алба хаагчдын цалин, зардлыг ч төр хариуцахаар хуульчилж өгсөн.

Хариуцлагагүй иргэдээс шалтгаалсан үйлчилгээг төлбөртэй болгоно гэдгийг тодруулахгүй юу?

-Хэлсээр байтал өвлийн хүйтэнд шатахуунгүй замд гараад суучихдаг зэргээр зарим иргэдийн хэнэггүй, хариуцлагагүй үйлдэл их. Бид үүргийнхээ дагуу төрийн үйлчилгээ үзүүлдэг. Гэвч зарим иргэдийн хариуцлагагүйгээс маш их үрэлгэн зардал гарч байна. Үүнийг өөрсдөөр нь төлүүлэх, эдийн засгийн харилцааны заалт орсон. Ямар үед төлбөртэй, төлбөргүй байхыг журамлана. Энд ганцхан жишээ хэлье. 2012 оны нэгдүгээр сард Увсын Тэс сумаас аймгийн төв явах замд нэг фургон зогсч байна. Яваад очтол шатахуунгүй.  Хэсэг явж байгаад машин дотор нь хэдэн хүн байсан юм бол гээд буцаад очтол дунд сургуулийн 10 гаруй хүүхэд дагжтал чичирч байсан.  Хүүхдүүдээс 15000 төгрөгийн зардал авсан мөртлөө аймгийн төв орох шатахуунаа аваагүй байгаа юм. Бид тэдэнтэй замд таараагүй бол тэр олон хүүхдийн амь нас яах вэ. Ийм хариуцлагагүй явдал нэлээдгүй гардгийг цэгцлэх хэрэгтэй гэж орон нутгийн алба хаагчдаас санал гаргасан.

Дэлхий нийтийн чиг хандлага урьдчилан сэргийлэх ажил руу чиглэж байна.  Гамшгийн үед тусламж очих хүртэл өөрийгөө болон өрөөлийг хамгаалах мэдлэгтэй байх асуудлыг бүх шатны сургалтын хөтөлбөрт оруулах талаар ярьдаг. Хэзээнээс эхлэх вэ?

-Гамшгаас хамгаалах ажил хэд хэдэн үе шаттай. Эрсдлийг үнэлэх, төлөвлөх, бууруулах, урьдчилан сэргийлэх, эрэн хайх аврах үйл ажиллагаа явуулах, сэргээн босгох гээд нэгэн циклээр явагддаг. Эндээс хамгийн гол нь урьдчилан сэргийлэх. Өмнөх хуульд эрсдлийг үнэлэх асуудал тодорхой байгаагүй. Дэлхий нийт гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажиллагаанд илүү төвлөрөн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, бидний анхаарах ёстой гол ажил бол эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажил болсон. Иргэд гамшгийн үед өөрийгөө болон гэр бүлээ, хөршөө, эд хөрөнгөө аврах мэдлэгтэй байх ёстой. Тийм ч учраас онцгой байдлын албаны бодлого ард иргэд рүү чиглэж байна. Хүүхдийг багаас нь мэдлэг мэдээлэлтэй болгохын тулд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтраад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулж, сардаа нэг удаа ордог байх ажилд анхаарч байна. Бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Иргэдийг соён гэгээрүүлэх, мэдлэг мэдээлэлтэй болгох талаар Засгийн газраас Газар хөдлөлтийн гамшгаасурьдчилан сэргийлэх, таниулах албан ёсны  өдөртэй болгох шийдвэр гаргалаа. Энэ өдрийн гол ач холбогдол нь  иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө хамгаалах дадал хэвшлийг бий болгох юм. Гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт  газар хөдлөлтөд бэлэн байх, таниулах мэдлэгийг иргэдэд өгөх юм. Маш олон иргэн оролцдог. Цаашид ч иргэдийн тоо улам нэмэгдэнэ гэж бодож байгаа.

Манай улс сүүлийн хоёр жил олон улсын аврах багтай болохоор бэлтгэж байгаа. Энэ ажил ямар төвшинд байгаа вэ?

-НҮБ-ын  Гамшгийн үнэлгээ зохицуулалтын багийн дор ажилладаг Олон улсын эрэн хайх аврах, зөвлөлдөх бүлэг гэж байдаг. Энгийнээр хэлбэл, энхийг сахиулах багтай ойролцоо. Олон улсын түвшинд гамшиг осол гарлаа гэхэд Монгол Улс багаа илгээдэг байх юм. Хуульд ч тодорхой тусгаж өгсөн.

Олон улсын багтай болоход олон  шаардлага тавигддаг. Хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван төвшний баг байдаг. Бид олон улсын төвшинд аль нэг улсад гамшиг осол гарлаа гэхэд 24 цагийн дотор тусламжаа илгээдэг дунд түвшний багтай болохыг зорьж байна. Бэлтгэл ажил их удаан үргэлжилдэг юм байна. Швейцарийн хөгжлийн агентлаг, БНХАУ-ын Газар хөдлөлтийн агентлагийн хамтарсан “Монгол Улсын Онцгой байдлын албаны хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны чадавхийг үнэлэх” үнэлгээний баг энэ долоо хоногт Монголд айлчилж, Онцгой байдлын албанд чадавхийн үнэлгээ хийж байна. Өөрөөр хэлбэл, үнэлгээний баг манай дотоодын эрэн хайх, аврах багийн чадавхийг үнэлсний дараа олон улсын стандартад нийц­сэн аврах багтай болоход шаардагдах дэмж­лэг, туслалцааг үзүүлж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох юм. Аврагчдаа шат дараатай сургаж дадлага­жуулж бэлтгэнэ. 2018 он гэхэд Монгол Улс олон улсын аврах багтай болно гэж харж байна.

Гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх газар бэлэн байдаг уу? Хотын ойролцоох түр байршуулах газруудыг худалдсан гэх мэдээлэл байдаг?

-Гамшгийн үед иргэдийг хамгийн түрүүнд нүүлгэн шилжүүлэх ёстой. Хотын ерөнхий төлөвлөгөөтэй холбоотойгоор өмнөх газрууд өөрчлөгдсөн. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой ажил бүрэн дүүрэн хийгдэж дуусаагүй байна. Гамшиг гарсан тохиолдолд томоохон хот, суурин газруудын ард иргэдийг, аж ахуйн нэгжийг, төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх тухай хүсэлтийг албан ёсоор тавьсан. Эхний ээлжийн яриа хэлэлцээ хийгдэж байна. Хотын захиргаа болон холбогдох газруудад хүсэлт тавьсны дагуу 42 цугларах цэгийг албан ёсоор баталгаажуулсан.  Ер нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөг яам, агентлагаас эхлээд албан байгууллагууд мэдэж байх ёстой. Бэлэн байдлыг байнга сануулж байх хэрэгтэй.

Онцгой байдлын салбарын дараагийн нэн тэргүүний ойрын зорилт юу байна вэ?

-Олон улсын багтай болох асуудал хамгийн эхний ажил. Дараагийн ажил бол гамшгаас хамгаалах үйлчилгээг иргэдэд маш богино хугацаанд хүргэхийн тулд аврах эрэн хайх чиглэлийн нисдэг тэрэгтэй байх шаардлага тулгарч байна. Дан ганц онцгой байдлын салбар биш цагдаа, эрүүл мэнд гээд бусад чиглэлтэй уялдсан шуурхай үйлчилгээ үзүүлэх юм.

Өвөл гайгүй өнгөрлөө. Гэхдээ цас ихтэй аймаг сум цөөнгүй байна. Тусламжийн цуваа ч үргэлжилж байна. Хаваржилтын нөхцөл байдал хэр байна вэ?

-Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу арваннэгдүгээр сард үнэлгээ хийсэн. Нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа гэдэг дүгнэлт хийж урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллалаа. Олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэг ч үргэлжилж байна. Засгийн газраас эхлээд шат, шатандаа зөв менежментээр сайн ажилласан гэж харж байна. Өвөл гайгүй өнгөрсөн ч хавар урт болно. Хавартаа хуурайшилт өндөр байхаар байна. Салхи шуургатай ч байх төлөвтэй, гал түймрийн аюул дэгдэх эрсдэл байна.

Ирэх сард Монгол Улсад Азийн түвшний олон улсын хурал болно гэж сонслоо. Хурлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-2018 онд Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II Бага хурлыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II Бага хуралд одоогийн байдлаар 60 гаруй орны 3000 орчим төлөөлөгч оролцох урьдчилсан тоо байна.

Азийн сайд нарын II Бага хурал нь Ази, номхон далайн бүс нутгийн төрийн тэргүүнүүд, гамшгийн асуудал эрхэлсэн сайд нар оролцох өндөр дээд түвшний уулзалт болохоороо ач холбогдлын хувьд салбарын хэмжээний  “АСЕМ”-ийн түвшинд болно гэж үзэж байгаа юм. Энэхүү хурлын үеэр “2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийг улс орон бүр хоёр жил тутамд тайлагнадаг уламжлалын дагуу Ази, номхон далайн бүс нутгийн орнууд “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийн асуудлыг хэлэлцэх юм. Энэхүү хурлын бэлтгэлийг хангах хүрээнд ирэх сарын 05-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн эхний хуралдааныг зохион байгуулахаар өндөр ач холбогдол өгч бэлтгэлийг ханган ажиллаж байна. Онцгой байдлын алба төдийгүй, Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөх чухал арга хэмжээ болно.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ“ сонин

scroll to top