Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар 2017 оныг “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” жил болгох үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу өнөөдөр орон даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэж байна.
Уг өдөртэй болсноор газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах, төрийн байгууллага болон гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийх, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх нөхцөл бүрдэх юм.
“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, БСШУС-ын яам, Үндэсний статистикийн хороо, Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ХХААХҮЯ, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Барилга хот байгуулалтын яам, Зам тээвэр хөгжлийн яам, Уул уурхай, хүн үйлдвэрийн яам, ШШГЕГ, ЦЕГ, УЦУОШГ, ХХЕГ, Архивын ерөнхий газар зэрэг 20 гаруй яам, агентлагуудын албан хаагчдад газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах хэмжээ, зарлан мэдээллийн дохиогоор хэрхэн ажиллаж, аюулгүй байдлаа хангах зэрэг сэдвээр хичээл заах юм.
Мөн Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд газар хөдлөлтийн үед аюулгүй байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгохоор олон нийтийн өдөрлөгийг зохион байгуулна.
Мөн Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарах бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм.
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагдаж байна.
Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байна. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байна.
2016 онд улсын хэмжээнд нийт 28000 /шахам газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд Монгол-Алтайн нуруу, Чуй, Цагаан шувуут, Үүрэг нуур, Бүсийн гол, Хангайн өргөгдлийн бүс, Могодын газар хөдлөлтийн голомтын бүс, Улаанбаатар хот орчим Гүнжийн ам, Авдар уул, Эмээлт, Хустайн нуруу зэрэг газруудад газар хөдлөлтийн чичирхийлэлтийн идэвхжилт буурахгүй хэвээр байна.
Тухайлбал, 2000 онд Улаанбаатар хот орчим жилд 200 гаруй удаагийн газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж, тохиолдлын тоо эрс өссөн.
Дээрхи идэвхижилт бүхий газруудад 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд Улаанбаатар хотын барилга байгууламжийн 22-50 орчим хувьд эвдрэл гэмтэл, нуралт үүсч, 30000-аас дээш хүн нэрвэгдэж болзошгүй гэсэн тооцоо судалгаа гарсан.
Энэхүү судалгаа нь 2014 онд хэрэгжүүлсэн Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран “Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд хийгдсэн юм.
Эдгээр нөхцөл байдал, тооцоо судалгаа нь газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах тогтолцоог сайжруулах, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх шаардлага байгааг харуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.