Г.Ариунбуян: Улаанбаатарын ойролцоо газар хөдлөлт мэдрэгдвэл 30 секундын дотор иргэдэд мэдээлэл өгнө

MG_6297-2.jpg

Засгиин газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөртэй холбогдуулан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянтай ярилцлаа.

-Сүүлийн үед газар хөдлөлтийн эрсдэлийн талаар их ярих болсон. Шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгааны талаар эхлээд сонирхуулахгүй юу?

-Дэлхий нийтэд тохиолдож байгаа гамшиг ослоос хамгийн их хохирол дагуулдаг, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд саад учруулдаг, хүний эрүүл мэнд, амь насыг хохироодог үзэгдэл бол газар хөдлөлт байдаг. Өнгөрсөн XX зууны түүхийг аваад үзэх юм бол Монгол Улсад долоон магнетудаас дээш хүчтэй газар хөдлөлт 30 гаруй удаа тохиолдсон байдаг Үүнээс дэлхийн хэмжээний сүйрэл дагуулсан дөрвөн удаагийн газар хөдлөлт болсон байгаа. Тухайлбал, 1905 онд болсон Булнайн нурууны хагалбар газар, 1931 оны Монгол Алтайн нурууны хагалбар газар юм. Тухайн үед хүн ам сийрэг одоогийнх шиг суурин газар хөгжөнгүй байсан болохоор хохирол мэдэгдээгүй. Суурин иргэншил хөгжиж байгаатай холбоотойгоор газар хөдлөлтийн гамшгийг бууруулах хэрэгцээ шаардлага бий болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл. 2000 онд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичирхийлэлт  200 гаруй тохиолдож байсан бол 2016 оны тоон дүнгээр 1800 болж даруй ес дахин өссөн байна. Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн эрсдэл эрс нэмэгдэж байна гэсэн тоон үзүүлэлт гарч байгаа.

-Нийслэлийн ойролцоо газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүд бий гэлээ. Хэрэв газар хөдлөлт боллоо гэхэд нийслэлчүүд хэдий хугацаанд мэдэж аюулгүй байдлаа хангах боломжтой вэ?

-Улаанбаатарыг тойрсон зургаан хагалбар газар бий. Баруун талд Эмээлт, Хустайн нуруу, зүүн талд Гүнж, Мөнгөн морьт, Шархай гэсэн зэрэг газрууд байна. 2011 онд Засгийн газрын 339 дүгээр тогтоолоор гамшгийн аюулын үед зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журмыг баталсан байдаг. Энэ журмын хүрээнд өнгөрсөн таван жилийн хугацаанд жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16 цагт бүх нийтийн гамшгаас хамгаалах дадлага сургуулийг зохион байгуулж ирсэн.

Улаанбаатар хотоос 200- 400 км-ийн зайтай, гурван газар хөдлөлтийн голомт байгаа. Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сум, Булганы Могод, Дундговийн Дэрэн суманд газар хөдлөлтийн голомт бий. Эдгээр суманд газар хөдлөлт болонгуут Улаанбаатарт их хэмжээний хохирол дагуулах тооцоо судалгаа гарсан. Энэ хүрээнд тэнд байрлуулсан 12 газар хөдлөлтийн станцаар 30 секундын дотор манай Улаанбаатарт байрлаж байгаа мэдээллийн төвөөр дамжуулагдаад нийтэд зарлан мэдээлнэ. Хэрэв зарлан мэдээлэх удирдлагын байр газар хөдлөлтийн улмаас нурсан тохиолдолд явуулын буюу автомашин дээр суурилсан зарлан мэдээлэх төвөөр удирдлага зохицуулалтаа хийхээр зохион байгуулсан байгаа.

-Аврагчдын тухайд газар хөдлөлтийн улмаас үүссэн нөхцөл байдалд ажиллахад бэлэн байдал хэрхэн хангагдсан бэ?

-Онцгой байдлын байгууллагаас анх удаа гадаад улсад үүрэг гүйцэтгэсэн тохиолдол бол 2011 онд болсон Японы цунамигийн хор уршгийг арилгах ажилд очиж ажилласан. Манай багийг мэргэжлийн ур чадвартай гэж үнэлсэн. Дараа нь 2005 онд Бүгд Найрамдах Буриад Улсад гарсан ойн түймэрт Аврах тусгай ангийн 50 хүний бүрэлдэхүүнтэй баг очиж амжилттай даалгавраа гүйцэтгээд ирсэн.

Олон улсын аврах, эрэн хайх чиглэлээр үүрэг гүйцэтгэх дунд түвшний багтай болох зорилт тавиад ажиллаж байгаа. НҮБ-ын хүмүүнлэгийн хэрэг зохицуулах алба гэж байдаг. Тэр албатай Онцгой байдлын алба байнга хамтарч ажиллаж 2005, 2006 онд хот доторх эрэн хайх аврах ажиллагааны чиглэлээр олон улсын дадлага сургалт зохион байгуулсан. Энэ хүрээнд дунд түвшний багийг бэлтгэх, сургах, чадавхижуулах, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа. Саяхан Хятадын газар хөдлөлтийн агентлаг, Щвейцарийн хөгжлийн агентлагийн шугамаар төлөөлөл ирээд манайд үнэлгээ хийхээр ажиллаж байгаа. Тэдний өгсөн эөвлөмжийн дагуу үнэлгээний баг байгуулж ажиллахаар төлөвлөж байна.

“Өдрийн сонин”  2017.03.23

Сэтгүүлч М.Мөнх

 

scroll to top