Цаг агаарын аюулт үзэгдлийн талаар:
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Дөтийн даваа” гэдэг газар 2014 оны 04 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд үргэлжлэн орсон цасны улмаас 5 өрхийн 2200 гаруй мал цасанд боогдсон тухай мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж дээрх иргэдийг болзошгүй эрсдэлээс авран хамгаалж аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.
Газар хөдлөлтийн талаар:
Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 00:44 цаг (өргөрөг 48016’00’’, уртраг 103057’00’’)-т 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизикийн судалгааны төвөөс мэдээлсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газраас нөхцөл байдлыг тодруулахад ямар нэгэн хохирол учраагүй байна.
Хүн, малын халдварт өвчний талаар:
Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Баянхонгор аймгийн Баянлиг, Жинст сум, Булган аймгийн Гурванбулаг сум, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Төгрөг, Уянга сум, Өмнөговь аймгийн Сэврэй сум, Хэнтий аймгийн Мөрөн сум суманд гарсан “Галзуу” өвчин, Увс аймгийн Улаангом суманд гарсан “Боом” өвчний хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт суманд гарсан “Шүлхий” өвчин, Архангай аймгийн Цэнхэр сум, Баянхонгор аймгийн Баянговь сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан “Галзуу” өвчин, Нийслэлийн Налайх дүүрэгт гарсан “Гахайн үржил, амьсгалын замын хам шинж” өвчин, Орхон аймгийн Жаргалант суманд гарсан “Үхрийн хорт салст халуурал” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал өвчлөөгүй тул цуцалсан.
Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:
Өнгөрсөн хугацаанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Жаргалант, Мөрөн сум, Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон зам тээвэр, үйлдвэрлэлийн осолд өртсөн, сураггүй болсон тухай нийт 27 удаагийн дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллан 11 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан.
2014 оны 04 дүгээр сарын 15-аас 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд:
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 1 цогцос олдсоныг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 1 иргэн цонхоороо унаж амь насаа алдсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гарсан гал түймэрт 3 иргэн өртөж амь насаа алдсан байна.
Обьектийн гал түймрийн талаар:
2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 28 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авлаа.
Хээрийн түймрийн талаар:
Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн, Чойбалсан сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймрийг тус тус бүрэн унтраасан.