420 гаруй иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав

site1.jpg

Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс баруун, төв, говийн аймгуудын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга болох тухай “Анхааруулах”, “Сэрэмжлүүлэх”, “Урьдчилан сэргийлэх” зэрэглэлтэй цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн мэдээг үндэслэн болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэг чиглэлийг аймаг, нийслэлийн Онцгой байдлын газарт бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан ажиллалаа.

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн баруун болон төв, говийн аймгуудын нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас автозам, давааны нөхцөл байдал хүндэрсэн зэргийг харгалзан Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймгийн нутагт Автотээврийн тухай хуульд заасны дагуу дээрх аймгуудын Засаг даргын захирамжаар 3 дугаар сарын 22, 24-ний өдөр орон нутгийн  тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан.

Монголын үндэсний олон нийтийн телевиз, UBS телевиз, Монголын үндэсний олон нийтийн радио болон “Авто радио” FM, Зарлан мэдээлэх дуут дохиоллын 12 цамхагийн цахим самбараар цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байхыг олон удаагийн давтамжтайгаар иргэд, олон нийтэд хүргэв.

2017 оны 03 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд 11 аймгийн 40 суманд 54 удаагийн дуудлагаар сураггүй болсон 98 иргэн (үүнээс Завхан аймгийн Баянхайрхан суманд 1, Говь-Алтай аймгийн Шарга суманд 1, нийт 2 иргэн нас барсан)-ээс 91 иргэнийг эсэн мэнд олж, 5 иргэнийг эрэн хайж, цасанд суусан 50 автомашин 332 зорчигчид тусламж үйлчилгээ үзүүлж, нийт 423 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан.

Эрэн хайх, аврах ажиллагаанд төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын 154 албан хаагч, 31 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 375 албан хаагч, иргэн, 72 автомашин, автозам арчлалтын компанийн 96 ажилтан, 36 автомашин, 58 машин механизм, нийт 625 хүн, 197 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн болно.

Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн 300 зорчигчтой 12 автобусыг төв суурин газар хоноглуулж, 7 чиглэлийн 30 тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулалгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top