Шар усны үер буух гэж байна айлууд аа, дахиад л усанд автах уу

17362483_1354934011229600_1276005076942235116_n.jpg

Хавар ирчихлээ, дагаад шар усны үер ч хаалга тогшиж байна. Гэтэл нийслэлд үерийн аман дээр буусан айлууд өчнөөн байдаг. Одоо яах билээ?

Саяхан Сүхбаатар дүүрэгт шар усны үерт өртсөн айлыг авран хамгаалах дадлага сургуулилт боллоо. Уг нь үерийн аман дээр буухгүй л бол бидэнд ийм эрсдэл тулгарахгүйн дээр улсын хөрөнгө үрж ийм дадлага сургуулилт хийхийн ч хэрэггүй.

Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжих иргэдийн тоо эрс нэмэгдсэнээс үүдэн шилжиж ирсэн айлууд зуслангийн бүс ялангуяа горхи, булгийн эх, шар усны үерт өртөж болзошгүй гуу, жалга дагуу газарт буух нь элбэг болов. Тухайлбал, өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны Далангийн 1, 2, 29 дүгээр гудамжны 300 айл өрх усанд автаж, гэртээ орж чадахгүйд хүрч байлаа. Тухайн үед дүүрэг хариуцсан УИХ-ын гишүүн очиж танилцан, ОБЕГ-ынхан айлуудын хашаан дахь усыг соруулан авсан юм. Энэ жил ч мөн тэднийг энэ аюул тойрсонгүй.

Мөн Сэлбэ голын эрэг, бидний хэлж заншсанаар Дондогдулам хатны рашаан буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны айлууд жил бүр энэ асуудалтай тулгардаг. Энэ жил эндэхийн 7-8 айл хашаандаа мөстэй, дулаан орж хайлахад хаяагаар нь ус урсаж ороход бэлэн болсон байна.

Өнгөрсөн жил гэрийн бүслүүр нь давж мөстөөд байсан айл энэ жил ч мөн нүүсэнгүй, мөсөн дундаа байсаар л байна. Хажууд нь байсан айл харин нүүж, гэрийн буурин дээр нь шарилж ургажээ. Урдхан талд нь бас нэгэн айлын гэрээс утаа суунаглаж харагдана. Дөхөж очвол бас л шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй нь харагдаж байв. Мөсөнд автсан энэ айлын баруун, баруун хойд талын хэд хэдэн айлын хашаа мөстэй харагдана. Харагдаж буй энэ мөс нь нэг метр гаруй зузаантай, зарим газраараа хайлж, урсаж эхэлжээ.

-ЖИЛ БҮР “САЙН ДУРААРАА” ҮЕРТ АВТААД БАЙГАА АЙЛУУДАД УЛСЫН 
ТӨСВӨӨС ХӨРӨНГӨ ЗАРЛАГАДАХ НЬ ХАЙРАН-

Хавар болохтой зэрэгцэн эндэхийн бүх мөс хайлж, айлуудын хашаа руу түрж ороход гэрийн хаяагаар орж ирсэн усыг шавхаж гаргадаг тухай айлын хүн бидэнд хэлэв. Гэвч тэд эндээс нүүхгүй гэнэ. Арав гаруй жил энд ингээд амьдраад ирсэн гэх ч айл байх юм. Энэ орчимд газар эзэмших эрх өгөх нь Усны тухай хууль зөрчсөн хэрэг боловч 2004 онд УИХ-ын сонгуульд тус дүүргээс нэр дэвшигч Т.Ганди хөрсний цэвдэгтэй, намагтай, шар усны үер буудаг зэргийг үл харгалзан газар эзэмших, өмчлөх эрх олгосон гэж тухайн үед хэвлэлүүд шуугиад өнгөрсөн.

Одоо зөвшөөрөлтэй айлуудаас гадна зөвшөөрөлгүй айлууд ч нэмэгдсээр байгаа аж  Бараг өвөл нь мөстөж, хавар нь урсдаг энэ аж амьдралдаа дасчихсан гэлтэй. Уг нь тухайн үед зөвшөөрөлтэйгээр газар авсан 10 айлыг Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны газраас аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэхээр “Гачуурт”-д буюу 20 дугаар хороонд шинэ газар авах хүсэлт тавьжээ. Гэвч хэн нь ч хөдөлсөнгүй, “Хотын төвдөө ойр амар байдаг, Гачуурт бол хол” гэсэн шалтаг хэлж байсан аж.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд үерийн усны аюултай бүсэд суурьшсан 2500 орчим айл өрх байдгаас 1700 орчим нь ямар ч зөвшөөрөлгүй. Онцгой байдлын газраас холбогдох мэргэжлийн байгуулагуудтай хамтран жил бүр урьдчилан сэргийлж, сануулах хуудас тарааж, нүүх шаардлагыг удаа дараа хүргүүлсээр буй юм байна. Ялангуяа энэ жилийн хувьд их хэмжээний цас орсон учраас шар усны үер болох эрсдэл өндөр ажээ.

Үер хэлж хэрэхгүй, нэг л өдөр айлууд усанд автахад төр “Хэлээд байхад хохь нь” гээд орхичихгүй нь лавтай, хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулаад, хэдэн иргэндээ туслах нь дамжиггүй.

Гэхдээ “сайн дураараа” үерт автаад байгаа айлуудад жил бүр улсын төсвөөс хөрөнгө мөнгө зарлагадах нь хайран юм. Мэдэгдэх хуудас тараах, анхааруулга өгөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг сурталчилгаа явуулах, дадлага сургуулилт явуулах, нүүлгэн шилжүүлэх, ус соруулах гээд бүх зардлыг л татварын мөнгөөс төлнө.

Иргэний хариуцлагаас цэвэр шалтгаалах ийм юманд мөнгө төгрөг үрмээргүй байдаг. Хотын захиргаанаас ч хурдхан газар зааж албадаад ч хамаагүй айл өрхүүдийг аюулгүй газар руу нүүлгэх нь ч зөв. Дов сондуул ихтэй, доороо устай газарт усны халиа болохоор мөсөнд автдаг тул энэ газрыг “эдгэнэ” гэж хүлээлтгүй. Хороо дүүрэг нь ч ийм газруудаа анхаарч, айл суурьшуулахгүй,  ирсэн даруйд нүүлгэхгүй хуулиа зөрчиж буй нь хардлага дагуулсаар…

Б.ГЭРЭЛ

scroll to top