Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.  Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с,  баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, говь, талын нутгаар 18-23 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи 7-12 м/с, зөөлөн шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 5-нд зарим газраар, 6-нд нутгийн баруун хагаст 12-14 м/с, 7-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 5-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 2-7 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уурархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Усчны хоолой” гэдэг газар иргэн Д /42 настай, эмэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.23-ны өдрийн 10:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, ЗХ-ний 256 дугаар ангийн 15 албан хаагч, Цагдаагийн газрын 4 албан хаагч, 1 эрэлч нохой, орон нутгийн 25 иргэн, нийт 55 хүн, 9 техник хэрэгсэлтэй, 5 морьтой ажиллаж, 04.03-ны өдрийн байдлаар Арвайн тал багийн “Хараацай хайрхан” уулын өврийн жалганы цасыг 500 метр газар малтсан. 5 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Буянт гол” гэдэг газар /сумын төвөөс хойд  зүгт 60 км/ иргэн Б /27 настай, эрэгтэй/ 2017.04.02-ны өдрийн 10:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.04.03-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, тус сумын хүн эмнэлгийн 1 эмч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

3.Ой, хээрийн түймэр:

Ой, хээрийн түймэр: Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын-Уул багийн “Арцат” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 23 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.02-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч тус сумын Тариалан эрхлэх сангийн даргаар ахлуулсан 40 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.03-ны өдрийн 16:50 цагт;  

Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн “Зүүн шар хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 200 орчим км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.03-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12  албан хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 36 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.04-ний өдрийн 03:10 цагт тус тус унтраасан.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Зуун мод” зуслангийн “Задгай”-д иргэн Г-гийн хашаанд хураалттай банз шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.03-ны өдрийн 12:18 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд иргэн Т-гийн эзэмшлийн 37-25 УНБ улсын дугаартай суудлын автомашин, мөн иргэн С-ийн амбаар, хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.03-ны өдрийн 15:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 9 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр;

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд авто тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.03-ны өдрийн 15:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Зуун мод зуслангийн “Задгай”-д иргэн П-гийн 60-46 УНЯ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.03-ны өдрийн 18:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Ажилчны хороонд 8 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.03-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байсан Монгол банкны  хуучин байшин /ашигладаггүй/ шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.03-ны өдрийн 17:47 цагт хүлээн авч тус аймгийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Мөн аймгийн Мандал сумын Ширхэнцэг багт өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.04-ний өдрийн 00:05 цагт хүлээн авч тус аймгийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top