НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер Монголд айлчилж байна

robert2.jpg

“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын үеэр болох нэгэн томоохон үйл явдал бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч, ноён Р.Глассерийн Монгол Улсад хийх айлчлал давхцаж байгаа юм.

Ноён Роберт Глассер Австралийн Засгийн газрын тусламжийн хөтөлбөрийн Ерөнхий захирлын орлогчоор, 2007 оноос Олон улсын хүмүүнлэгийн “CARE” байгууллагын Австралийн салбар болох “CARE Australia” байгууллагын Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

Харин 2016 оны 1 дүгээр сараас Р.Глассер НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер Монголд хийх айлчлалынхаа үеэр буюу маргааш 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11.30 цагт Шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзана.

Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх,  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер нар “Хамтран ажиллах тухай мэдэгдэл”-д  гарын үсэг зурна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд мэдээлэл өгч хамтарсан хэвлэлийн бага хуралд оролцоно.

Мөн ноён Р.Глассер 2017 оны 04 дүгээр сарын 06-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг,  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон НҮБ-ын Монгол дах төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзах юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассерын Монголд хийх айлчлал баасан гарагт өндөрлөнө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top