Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн болон говийн аймгуудын нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, тал, хээрийн нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с.14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 16-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн хур тунадас орно. Салхи 16-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна, бусад хугацаанд 7-12 м/с. Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө   2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна. Хугацааны эцсээр төвийн аймгуудын хойд хэсгээр сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 3 дугаар хороонд 2 айлын хашаа шар усны үерт автсан тухай дуудлагыг 2017.04.11-ний өдрийн 16:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 10 м суваг татаж усны урсгалыг өөрчлөн аюулгүй болгосон.

Увс аймгийн Малчин сумын Баянмандал багийн “Таваарын тал” гэдэг газар /сумаас баруун хойд зүгт 60 км-т/ УВХ 29-40 улсын дугаартай УАЗ-469 загварын 8 зорчигчтой автомашин шаварт суусан тухай дуудлагыг 2017.04.11-ний өдрийн 10:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж автомашиныг татан гаргаж аюулгүй болгосон.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Бор-Овоо” гэдэг газар малчин С-ийн 1 тэмээ 2017.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн “Шар жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 15:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 26 албан хаагч, орон нутгийн 39 иргэн, нийт 65 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.04.11-ний өдрийн 02:30 цагт түймрийг цурманд оруулан ажиллаж байна.

Дорнод аймгийн Гурванзагал сумын Цагаан хошуу багийн  “Сайнцогт” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 22  км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.11-ний өдрийн 15:25 цагт хүлээн авч тус сумын 17 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.04.11-ний өдрийн 12:15 цагт түймрийг цурманд оруулан 14:30 цагт бүрэн унтрааж тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.11-ний өдрийн 11:21 цагт хүлээн авч тус дүүргийн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 8 дугаар давхарт айл шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.11-ний өдрийн 17:31 цагт хүлээн авч тус Баянгол дүүргийн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн 35 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.11-ний өдрийн 11:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.11-ний өдрийн 18:06 цагт хүлээн авч тус дүүргийн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top