Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье

tuimer-gal_1000.jpeg

Жил бүрийн хавар, намарт ой, хээрийн түймэр дэгддэг аюул бий. Энэ хаврын түймэр хэдийнэ эхэлжээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын зургадугаар багийн “Шар жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ойн түймэр энэ сарын 8-ны өдөр гарсан байна. Онцгой байдлын албан хаагчид, нутгийн иргэд нийлсэн 60 орчим хүн түймрийг цурманд оруулан ажиллаж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Нарс хүүхдийн зуслангийн хойд талын ойд энэ сарын 9-ний өдөр түймэр гарчээ. Түймрийг унтраахаар Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, 24 дүгээр хорооны 13 иргэн, нийт 26 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, түймрийг бүрэн унтраасан байна. Түймэрт гурван га орчим талбай өртжээ.

Дорнод аймгийн Гурванзагал сумын Цагаан хошуу багийн  “Сайнцогт” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 22  км-т/ энэ сарын 11-ний өдөр хээрийн түймэр гарч тус сумын 17 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг бүрэн унтрааж тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгчээ.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу.

  • Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

scroll to top