Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, сургуулиудын “Өсвөрийн аврагч” клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх, сурагчдын сэтгэл зүй, бие бялдарыг хөгжүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч-2017” тэмцээнийг амжилттай зохион явууллаа.
Тэмцээнд Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 6 сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Спортын бүрэн дунд сургууль, Алтанбулаг, Зүүнбүрэн, Шаамар сум, Дулаанхаан тосгоны ЕБС, Шаамар сумын МСҮТ зэрэг 13 сургуулийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
“Өсвөрийн аврагч” тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Баатар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн менежер Н.Баянжаргал нар оролцон хүүхдүүдэд сурлага, спортын өндөр амжилт гаргахыг хүслээ.
Тэмцээнд 10 хүүхдийн бүрэлдэхүүнтэй 13 баг саадтай зурвас, аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж, мэдлэг сорих асуулт, гал сөнөөгчийн иж бүрэн хувцас өмсөх зэрэг 4 цэг дээрх өгөгдсөн даалгаврыг биелүүлэн нийт 4 км зам туулан өрсөлдсөнөөс багийн дүнгээр Сүхбаатар сум дахь ЕБ-ийн 5-р сургуулийн баг тамирчид тэргүүн байр, Сүхбаатар сум дахь ЕБ-ийн 2-р сургуулийн баг тамирчид дэд байр, Дулаанхаан тосгон дахь ЕБ-ийн сургуулийн баг тамирчид гутгаар байр эзэлсэн амжилтуудыг тус тус үзүүллээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.