Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв аймагт хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгаар, баруун аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал:  18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хэсгээр, 19-нд төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж салхи түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 18-нд нутгийн зүүн хагаст, 20-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Ус, цас, шаварт саатсан: Увс аймгийн Тариалан сумын Мянган багийн “Хархираа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 35 км-т/ иргэн А-гийн 72-59 УВА улсын дугаартай “ЗИЛ-130” загварын ачааны автомашин шаварт суусан тухай дуудлагыг 2017.04.16-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашиныг шавраас татан гаргасан.

Аврах ажиллагаа: Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн “Худгийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ 2017.04.15-ны өдөр шар усны үер бууж, голын мөс цөн түрсний улмаас шилэн кабелийн 7 тулгуур багана унасан тул засварлахад дэмжлэг хүссэн тухай МХСТӨХК-ийн тус аймаг дахь салбараас ирүүлсэн хүсэлтийг 2017.04.16-ны өдрийн 11:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр шилэн кабелийг засварлах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Мөн аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт багийн “Уран-Мандал” гэдэг газар /Мөрөн сумын төвөөс зүүн зүгт 8 км-т/  65-01 ХӨҮ улсын дугаартай “Соната-6” загварын суудлын автомашин онхолдож 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.04.17-ны өдрийн  04:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Т /24 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Хушаат  сумын 2 дугаар багийн “Салааны тохой” гэдэг газарт “Орхон” голд эрэгтэй хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2017.04.16-ны өдрийн 18:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх аврах бүлгийн 4 албан хаагч, Цагдаагийн байгууллагын 6 албан хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 14 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нэр, хаяг тодорхойгүй, эрэгтэй хүний цогцсыг голын уснаас гаргаж цагдаагийн байгууллагын шуурхай бүлэгт хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Баян-Өлгий аймгийн Булган сумын Сөнхөл багийн “Хулжаа” гэдэг газар малчин С.Далелханы суурьт 6 бог мал 2017.04.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Бор-Овоо” гэдэг газар малчин С-ийн 1 тэмээ 2017.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Хангай уулын “Бөхлөө” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.13-ны өдрийн 06:00 цагт хүлээн авч тус Орхон, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 75 албан хаагч, орон нутгийн 67 иргэн, нийт 142 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ганга багийн “Дөш” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.16-ны өдрийн 15:20 цагтхүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, хилийн 0184 дүгээр ангийн 10 албан хаагч, хилийн 0146 дугаар ангийн 14 албан хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 62 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр 2017.04.17-ны өдрийн 07:10 цагт түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Уулын нам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.14-ний өдрийн 13:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 48 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр түймрийг 04.16-ны өдрийн 15:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.16-ны өдрийн 10:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.16-ны өдрийн 11:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороонд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.16-ны өдрийн 23:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.17-ны өдрийн 02:36 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Мөн дүүргийн 15 дугаар хороонд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.16-ны өдрийн 15:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 албан хаагч,  2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top