Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо.
Хурлаар газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний нэгдүгээр улиралд хийж буй ажлын явц, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл сонслоо.
Мөн “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмын төсөл боловсруулах ажлын хэсгийн ажлын явцтай танилцав.
Аймгуудын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын чанар, газар хөдлөлтийг тэсвэрлэх байдлыг үнэлэх ажлын явц, үр дүн, авах арга хэмжээ, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалтын хөтөлбөр боловсруулж, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах эхний саналыг сонслоо.
Аймгуудад Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл байгуулах ажлын явц, зөвлөлийн гишүүдээс шалган зааварлах ажлыг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, онцгой байдлын үед Байнгын ажиллагаатай зөвлөлийн гишүүдийг шуурхай холбох тусгай зориулалтын харилцаа холбооны шугамтай болох, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг иргэдэд олгох зориулалт бүхий “Анхаар” гар утасны аппликейшныг үүрэн телефоны операторууд болон үйлчилгээний байгууллагуудаар дамжуулан гар утасны аппаратад суурилуулах боломж зэрэг асуудлыг энэ удаагийн зөвлөлийн хурлаар хэлэлцлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.