Баянзүрх дүүрэг гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулав

18057161_1373787049352610_2514770828376788895_n.jpg

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Нийслэлийн Засаг даргын А/11 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын А/87 дугаар захирамжийн дагуу “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг өчигдөр Баянзүрх дүүрэгт зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, Тамгын газрын харьяа хэлтэс, албад, 28 хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүд зэрэг нийт 100 аж ахуйн нэгж, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж оролцсоноороо онцлог байв.

Энэ удаагийн бэлэн байдлын үзлэгээр дүүргийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиудын 200 гаруй техник хэрэгслийн гамшгийн үеийн ашиглалт, бэлэн байдлыг үзэж, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг шаардлагатай багаж хэрэгслээр хангасан эсэхийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгсөн. Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудын гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр хангагдсан байдлыг үзэж Мэргэжлийн ангиуд, аж ахуйн нэгж байгууллагуудад гамшгийн үед үүсч болзошгүй нөхцөл байдлаар цагийн мэдээг өгч ажиллалаа.

“Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийн зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуушгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, гамшгийн үеийн хүч хэрэгслийн харилцан ажиллагааг сайжруулахад оршдог гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. 

scroll to top