Архангай аймаг хөгжлийнхөө гарцыг хамгийн зөв хувилбараар тодорхойлсон нь Цэцэрлэг хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшил хэлээд өгөх аж. Зөв менежмент гэж үүнийг л хэлэх байх. Аймгаа хотоо өнгөтэй өөдтэй байлгахын төлөө хувь хүнээс өгсүүлээд байгууллага, аж ахуйн нэгжүүд ч зүтгэсэн нь илт. Тэдэн дунд Онцгой байдлын газрын шинэхэн барилга аймгийнхаа хөгжил дэвшил дээр өнгө нэмэн, орсон гарсан хэн бүхний харааг хамгийн түрүүнд булаах юм гээч. Ингээд Архангай аймаг дахь Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Эрдэнэбаатартай албан өрөөнд нь ярилцлаа. Ажлаа мэддэг хүн шийдвэр гаргахдаа ч алддаггүй юм байна гэдгийг хэдхэн үгийн солионд мэдэрснээ нуух юун.
-Засаг даргатай уулзахад гэнэт орсон их хэмжээний цас, шар усны үерийг гарз хохирхол багатайгаар давж гарсны цаана Архангай аймаг дахь Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай салшгүй холбоотой хэмээн онцлон тэмдэглэсэн?
-Юун түрүүнд хамт олны минь хичээл зүтгэлийн үр дүн гэж хэлэх байна. Манай хамт олон аймгийн Засаг даргын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай захирамжийн дагуу төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ шат шатандаа хэрэгжүүлж, шуурхай бүлэг байгуулан ажиллаж ирлээ. Төлөвлөгөөний хэрэгжилт өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай яваа.
Аймаг өөрөө ч өвөлжилт, хаваржилтад онцгой ач холбогдол өгч, шаардагдах хөрөнгө мөнгийг цаг алдалгүй шийдвэрлэж ирсний үр дүнд 70 гаруй тонн өвс, 36 тонн тэжээл бэлтгэж нөөцөлсөн. Тэгээд ч харьцангуй сайхан өвөл болж өнгөрлөө гэж дүгнэж болно. Хэдийгээр аймгийн нийт нутгийн 90 орчим хувь нь цасан бүрхүүлтэй, 5-8 суманд өвөлжилт хүндэрсэн ч Улсын онцгой комиссын дэмжлэгтэйгээр асуудлыг тухай бүрт нь шийдэж чадсан.
Манай шуурхай бүлэг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн сумдад тун сайн ажилласан. Сая орсон их цасны үеэр ч бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, 380 тонн өвсийг хүргэх ёстой газарт нь цаг алдалгүй, амжилттай хүргэсэн.
Нөгөөтэйгүүр, өвөлжилтийн хүндрэл, гэнэт орсон их цаснаас гадна малын цэцэг өвчин Өгийн нуур, Хашаат суманд гарч манай шуурхай бүлэг тэнд гурван сар ажилласан. Шаардлагатай бүхий л арга хэмжээг авсны үр дүнд цэцэг өвчний тархалтыг газар авахуулалгүйгээр зогсоож чадсан.
-Хуурайшилт, түймэр, шар усны үер та бүхний хүчийг ихээхэн сорьдог. Үүний дараа гол устай холбоотой асуудал гардаг. Хүн хүчний хувьд танай газар хангалттай юу?
-Манай Онцгой байдлын газар эрэн хайх, аврах салбар, гал түймэр унтраах 51 дүгээр анги, улсын нөөцийн салбар гэсэн гурван нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Архангай аймаг 57.3 мянган хавтгай км газар нутагтайн дээр 19 сумтай. Тэгэхээр манай газар 19 суманд авран хамгаалах, эрэн хайх түймэр унтраах үйлчилгээг үзүүлдэг. Дээр нь шаардлагатай тохиолдолд хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг. Зэрэг зэрэг дуудлага ирэхгүй бол байгаа хүч бололцоогоо л ашиглана шүү дээ. Сумдад салбар нэгж байхгүй учир өндөр ачаалал дор үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно.
Алслагдсан сумаас дуудлага хүлээж авлаа гэхэд газрын бартаанаас шалтгаалаад 4-5 цагийн дараа үйлчилгээ үзүүлэх жишээний. Тиймээс аймгийнхаа удирдлагуудад хандаж, хүн ам ихээр төвлөрсөн сумдад авран хамгаалах ангийг шинээр нэмж байгуулах санал хүргүүлсэн. Тариат сумын төв дээр аврах, гал унтраах анги бий болсон тохиолдолд зүүн талын сумдад цаг алдалгүй үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэх жишээний. Тэгээд ч Тариат сум гол, нуур ихтэй, зуны улиралд гадна дотны жуулчид тасардаггүй. Сүүлийн жилүүдэд нууранд осолдсон хүний тоо нэмэгдсээр байгаа. Жил өнжихгүй осол гарч байна. Энэ өвөл гэхэд мөс цөмөрч дээгүүр нь явж байсан машин осолдсон. Хүний амь нас ч эрсэдсэн.
Одоогийн манай газрын бүтэц, бие бүрэлдэхүүн, гал түймэр унтраах, аврах ангийн зэрэглэл гуравдугаар түвшнийх. Гэтэл хоёрдугаар зэргийн анги гэж үнэлэгддэг. Тиймээс хүн хүчээ нэмэх шаардлага тулгараад байна. Бүхэл бүтэн тасгийг шинээр бий болгох учиртай. Хөдөлмөрийн хуулиар дөрвөн ээлжийн зохион байгуулалттайгаар ажиллах ёстой атал өнөөдөр 2-3 ээлжээр ажилладаг. Машин техник, хэрэгслийн хувьд харьцангуй сайжирч, парк шинэчлэлтийг жил бүр тодорхой түвшинд хийсээр ирсэн. Хамгийн сүүлд гал унтраах машиныг орон нутгийн төсвөөр худалдаж авсан.
Онцгой байдлын ерөнхий газраас шуурхай албаны зориулалт бүхий автомашиныг өгсөн. Өнгөрсөн жил 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гал түймэр унтраах хоёрдугаар зэргийн ангийн барилгыг шинээр барьж, ашиглалтад орууллаа. Барилга маань найман автомашины дулаан гражтай, дээд давхартаа найман айлын орон сууцтай. Тэндээ албан хаагчдаа оруулсан.
-Монголчууд болоод өнгөрсөн хойно нь амаа барьдаг зантай. Авран хамгаалах үйл ажиллагаа явуулахаас илүүтэй урьдчилан сэргийлэх нь чухал бус уу. Урьдчилан сэргийлэх сургалтууд төлөвлөгөөт ажлын хэдэн хувийг эзэлдэг вэ. Ийм чиг үүрэг байна уу?
-Байлгүй яах вэ. Бидний ажлын нэгээхэн хэсэг урьдчилан сэргийлэх, түүнтэй холбоотой сургалт арга хэмжээ шүү дээ. Авран хамгалаахаасаа өмнө урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, энэ хүрээнд сургалтуудыг явуулъя гээд онцгой байдлынхаа бүтцэд урьдчилан сэргийлэх тасгийг шинээр бий болгосон. Манай газрын орлогч дарга ахалдаг юм. Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн ч бий. Аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх ажлыг жилийн турш тасралтгүйгээр зохион байгуулсаар ирсэн. Энэ жил ч зохион байгуулна. Манай албан тушаалтнууд бүгд хариуцсан гудамж, хороололтой.
Хуваарьт өдрөө хариуцсан гудамж, хорооллоороо явж иргэдийн дунд сурталчилгаа, мэдээллийн арга хэмжээг зохион байгуулдаг. Мөн гамшгаас хамгаалах хоёр улсын байцаагчтай. Байцаагч нар маань хариуцсан байгууллагуудаараа явж, хяналт тавихаас гадна урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөгөө өгдөг. Аймгийн Засаг дарга ч биднийг дэмжиж, жил бүр гурван суманд гамшгаас хамгаалах сургалт, сургууль арга хэмжээг зохион байгуулдаг. Саяхан Эрдэнэмандал суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль арга хэмжээг зохион байгуулсан. Энэ долоо хоногт хоёр суманд зохион байгуулах хуваартай. Сургуулилтын гол зорилго нь иргэдэд мэдээлэл өгөхөөс гадна гамшгаас хамгаалах боловсрол олгох чадавхжуулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм. Энэ удаад орон нутгийн удирдлагууд шинээр томилогдсон учраас тэднийг чадавхижуулах зорилго дор зохион байгуулж буй.
-Онцгой байдлын алба дайчдаасаа хурд, хүч, авхаалж самбаа, түргэн сэтгэх зэрэг олон чадварыг шаарддаг?
-Онцгой байдлын албан хаагчийг сургаж, дадлагажуулах нь хамгийн чухал ажил. Онцгой байдлын ерөнхий газраас бодлогоор 2017 оныг сургалтын жил болгон зарлаж, жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрийг төлөвлөгөөний хамт ирүүлсэн байгаа. Сургалтууд ч аврагч, гал сөнөөгч, усчин аврагч, офицерийн, албан хаагчдын гээд шат шатанд явагддаг. Мөн олон улсын сургалтад хамруулах нь ч бий. Онол, практикийн сургалтыг маш сайн явуулснаар аврагч нарын мэргэжлийн ур чадвар сайжирна. Өөрийгөө төдийгүй өрөөлийг аврах чадвартай болох нь юу юунаас чухал шүү дээ. Усчин аврагчдын сургалтыг бодлогоор өвөл, зуны улиралд дадлагаар нууран дээр бодит нөхцөлд зохион байгуулдаг. Шинээр орж ирж байгаа албан хаагчдыг практикаар л дадлагажуулж авахгүй бол шууд аврагч мэргэжлийн эзэн болно гэж найдах хэрэггүй. Маш их цаг хугацаа шаарддаг. Онцгой байдлын ахлагчийн сургуулийг төгссөн албан хаагчдыг аль болох томилохыг хичээдэг.
-ОБЕГ-ын хэмжээнд уламжлал болгон зохион байгуулагддаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Архангай аймаг, та бүхэн зохион байгуулахаар болсон байна?
-Гал унтраах техникийн олон төрөлт спорт нь Онцгой байдлын албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдрыг сайжруулах онцгой ач холбогдолтой.Тэмцээн хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Энэ жилийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг аймагтаа зохион байгуулахаар бэлтгэлээ базаагаад байгаа. Зургаан аймгийн тамирчид ирж оролцоно. Манайх тамирчдаа бэлтгэлд гаргасан. Бидний хувьд бусдаас туршлага судлах, албан хаагчдаа туршлагажуулах онцгой ач холбогдолтойн дээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг эндээс сонгон шалгаруулах юм.
-Танай баг, хамт олны амжилтыг сонирхвол?
-Энэхүү спортод байлдааны тархалт гэж төрөл байдаг. Өнгөрсөн жилийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд манай хамт олон байлдааны тархалтын төрөлд амжилттай оролцон хүрэл медаль хүртсэн. Бүсийнхээ аваргын тэмцээнийг орон нутагтаа авч байгаагийн хувьд өндөр ач холбогдол өгч, амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа шүү.
-Санхүү, хөрөнгө оруулалтын байдал өдөр тутмын үйл ажиллагааг тань хангахад хангалттай байж чаддаг уу?
-Төсөв, санхүүгийн хувьд төсвийн хэмнэлт гэдгээр жилээс жилд хасагдсаар байгаа. Үнэнийг хэлэхэд, албан хаагчдын хоолны зардал төдийд зарцуулаад дуусдаг юм. Улсын эдийн засаг ямар байгаа билээ. Бид нөхцөл байдалд зохицон амьдарч, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Их хэмжээний гамшиг осол гарсан үед аймгийн ЗДТГ-аас дэмжлэг авч аймгийн нөөцөөс шаардлагатай хөрөнгө, санхүүг гаргуулдаг. Засаг дарга бидний зовлон жаргалыг маш сайн ойлгодог нь сайн хэрэг. Он гарсаар орон нутагт зохион байгуулсан сургалтын зардлыг аймгийн Засаг дарга шийдэж өгсөн. Ер нь манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа аймаг, орон нутагтайгаа нягт хамтран ажиллаж, харилцан ойлголцож чаддагийн үр дүнд өдий зэрэгтэй яваа гэж хэлж болно.
-Та гал унтраагчаас газрын дарга хүртлээ бүхий л шат дамжлагад ажилласан дэд хурандаа. Тиймээс шинэ залуу боловсон хүчинд сэтгэлийн дэм өгөх, урмаар тэтгэх тал дээр тэдэндээ ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Жилээс жилд аюул, гамшгийн төрөл давтамж нэмэгдэх болсон. Өмнө нь гарч байгаагүй осол аваарууд их гарч байна. Энэ бүхнийг шинэ, залуу боловсон хүчин хүндээр тусган авч шантрах нь бий. Тийм үед нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, сэтгэлийн хат суулгах ёстой. Нүд хальтрам зүйл дээр очсон алба хаагчид хэцүү байдалд орсон тухайгаа дараа нь ярьдаг. Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий сэтгэлзүйч, эмч мэргэжилтнүүд манайд ажилладаг.
-Орох айл үүднээсээ гэдэг. Танай байгууллагын өнгө төрх сайхан харагдаж байна шүү. Эдийн засаг хямарсан энэ үед шинээр барилга барьж, ашиглалтад оруулна гэдэг амаргүй ажил шүү?
-Ажил амьдралынхаа гарааг энэ байгууллага, хамт олноосоо эхэлж байлаа. Гал сөнөөгчөөр анх ажилд орж удалгүй гал унтраах машины жолооч болсон. Дараа нь сургуульд явсан. Тэгээд 2009 онд албаны даргаар ангидаа томилогдон ирж байлаа. Албан тушаалын хувьд багаас нь байгууллага удирдах хэмжээнд хүртлээ өссөн байна. Байгууллагаа өнгөтэй, өөдтэй авч явъя гэсэн үүднээс газраа өөрийн гэсэн орон байртай болголоо. Өмнө нь манайх цагдаагийн газрын хашаан дотор үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм.
Шинэ барилгатай болох зорилго тавьж, арав гаруй жил хөөцөлдөж байж сая нэг юм өөрийн гэх байр савтай болсон. Онцгой байдлын ерөнхий газар маань ч дэмжиж, Засгийн газар болон холбогдох байгууллуудад хандан хүсэлт гарган, албан бичиг явуулах зэргээр их тус болсон. Хамгийн хэцүү нь барилга барих газрын асуудал байсан. Аймгийн төвийн “А” зэрэглэл дотор газар олдохгүй байсны улмаас Булган хангайн хорооллын нутаг дэвсгэрт барилгынхаа суурийг тавьсан Тэр үед энэ хавьд нэг ч барилга баригдаагүй байсан.
Эдүгээ манайхыг дагаад хамгийн хөгжил сайтай хороолол болсныг та бүхэн анзаарсан байх. Миний хувьд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харах гэж чармайх аваас бүтэхгүй зүйл гэж байдаггүйг эндээс мэдэж авсан. Би харьцангуй залуу хүн шүү дээ. Энэ бол миний ажил, амьдралдаа буй болгосон хамгийн том бүтээн байгуулалт.
-Танайд орон гэргүй, айлын хашаа байшин түрээсэлж амьдардаг байгаа алба хаагч байна уу?
-Байгаа. Шинээр томилогдож ирсэн албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг түрээсийн орон сууцаар л шийдэж ирлээ. Гэхдээ сая манай найман ажилтан албан тушаалын шинэ орон сууцанд нүүж орсон. Одоо гурван хүний асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа. Миний, бидний дараагийн зорилго бол ажилчдын орон сууц барих явдал. Ангийн бие бүрэлдэхүүн байнга шинэчлэгдэж байдаг учраас шилжин ирэгсдийг албан тушаалын орон сууцаар хангах, нийгмийн асуудлыг шийдэх нь миний үүрэгт ажлын нэгээхэн хэсэг.
-Таны болоод хамт олны тань цаашдын зорилго юу байна вэ?
-Онцгой байдлынхаа газрыг өргөжүүлэх, хүчин чадлыг сайжруулах, нэмэгдүүлэх, ард иргэд рүү хандсан үйлчилгээг улам чанаржуулах, техник хэрэгслээ шинэчлэх нь бидний нэн тэргүүний зорилго. Хамгийн түрүүнд аврах албаа сүүлийн үеийн автомашинтай болгох хэрэгтэй байна. Гал унтраах үндсэн албаны автомашиныхаа тоог нэмэх шаардлагатай байгаа. Хэдийгээр өнгөрсөн жил аймаг галын автомашин шинээр худалдаж авч өгсөн ч эдүгээ үйлчилгээнд ашиглагдаж буй машины ихэнх 30-40 жил ашиглагдсан байх жишээний. Тэгээд ч ОХУ-д үйлдвэрлэгдсэн машин болохоор сэлбэг хэрэгсэл нь жилээс жилд олдохоо больж байгаа. Орос үйлдвэрлэхээ больсон шүү дээ.
Ашиглалтынх нь ч хугацаа дууссан. Тиймээс орчин үеийн өндөр хүчин чадалтай шинэ техникээр хангах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Манай байгууллагын хувьд байр савыг нь урьдчилаад бэлдсэн. Дулаан гарааш бэлэн байна. Энэ жил манай аймагт гамшгаас хамгаалах команд штабын сургуулилтыг есдүгээр сард сард зохион байгуулах юм. Бэлтгэл ажил хангагдаж байгаа. Гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлье. Дээр нь гамшгаас хамгаалах нөөцтэй болъё гэж төлөвлөөд шаардагдах төсөв хөрөнгөтэй холбоотой саналаа аймгийн Засаг дарга, ИТХ-д хүргүүлсэн. Үүнийг шийдэх аваас гамшиг осол болж эмнэлэг, хөдөө аж ахуйн албыг хээрийн нөхцөлд шилжүүллээ гэхэд хээрийн эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох майхан савны нөөцтэй болох юм.
-Танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье.
Монголын мэдээ сонин
2017.04.27