Алтан мөрдэст генералууддаа хүндэтгэл үзүүллээ

18195791_1707497389261193_629447558_o.jpg

Одоогоос 73 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд цэргийн дээд цол ГЕНЕРАЛ цолыг олгож эхэлсэн түүхтэй билээ.

Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералуудад хүндэтгэл үзүүлдэг. Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хүчний байгууллагууд энэ өдрийг ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн ёслолыг Тагнуулын ерөнхий газраас зохион байгуулав.

Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр Чингисийн талбайд болж, тусгай чиг үүрэгтэй байгууллагууд, тэднээс төрсөн генералууд оролцлоо.

Генералууд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараагаар УИХ-ын дарга М.Энхболд генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрбээр, “Батлан хамгаалах, Шүүхийн шийдвэр, Онцгой байдал, Тагнуул зэрэг байгууллагад ажиллаж байсан генералууд иргэдийнхээ амгалан тайван ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд оюун ухаанаа зориулж ирсэн. Мөн батлан хамгаалахын төдийгүй Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон хэлэх ёстой” хэмээлээ.

Мөн үеэр “Монгол генерал” ТББ-ын тэргүүн, хошууч генерал С.Баасанхүү, хошууч генерал З.Болдбаатар нар УИХ-ын даргад дурсгалын зүйлс гардууллаа.

Дорноговь аймгийн Улаан-Уулын отрядын 1970 оны хилчин байлдагч Т.Оюунбилэг Улаан-Уулын отрядаас төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүлэхээр зорин иржээ. Тэрбээр, Хил хамгаалах байгууллагаас 26 генерал цолтон төрснөөс домогт Улаан-Уулын отрядаас 10 генерал цолтон төрсөн нь миний бахархал хэмээгээд генералууддаа хүндэтгэл үзүүлэн, хадаг, мөнгөн аяга, дурсамж гардуулсан юм.

Түүнчлэн “Монгол генерал” ТББ-аас генералууд уулзаж ярилцах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлж “Генерал клуб”-ыг байгуулсан байна. Тус клубын нээлтэд эрхэм генералууд оролцлоо.

 

scroll to top