Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул нийслэлийн Онцгой байдлын газар нийслэлийн Байгаль орчны газартай хамтран ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нэгдсэн дадлага сургуулийг Зуун модны зусланд зохион байгууллаа.
Тус сургуульд Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Байгаль орчны газрын дарга, нийслэлийн Онцгой комиссын гишүүн Э.Баттулга, нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар нар оролцож, нийслэлийн ногоон бүсийн байгаль хамгаалагчдын гал түймэртэй тэмцэх хүч хэрэгсэл, гал унтраах багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдал, нөөц бүрдүүлэлттэй танилцлаа.
Мөн энэ үеэр ой хээрийн түймэр гарсан үед гал унтраах багаж хэрэгслийг хэрхэн зөв ашиглах дадлага сургуулийг байгаль хамгаалагчдын дунд зохион байгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.