Дадлага сургууль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд болж байна

18254551_1367687636651110_2007061994_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт Даланзадгад сумын хээрийн дадлага сургуулийн талбайд үргэлжилж байна.

Даланзадгад сумын ойролцоо дахин 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж аймгийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдал үүссэн цагийн байдлаар  оролцогчид багт хуваагдан хээрийн нөхцөлд ажиллаж байна.

Хээрийн дадлага сургуулийн талбайд удирдлага, төлөвлөлтийн баг, олон улсын цэргийн зохицуулах төв, ложистикийн баг, олон улсын хүмүүнлэгийн тусламжийн, сургалт, дадлага сургуулийн хянагч, хүн эмнэлэг, мал эмнэлэг, уул уурхай, санхүү, хангалт, хангамж үйлчилгээний тасаг, холбоо зарлан мэдээлэл, хэвлэл мэдээллийн төвүүдийг байгуулсан.

Өмнөговь аймгийн хэмжээнд 05 дугаар сарын 03-наас 04- ний өдрүүдэд ихэнх сумдаар 16-18 м/с, зарим сумдаар  20 м/с хүрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байна.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүссэн хэдий ч Өмнөговь аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дасгал сургуулийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан ажиллаж байна.

Даланзадгад сумын хээрийн дадлага сургуулийн талбайд нурангиас аврах ажиллагааны болон хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургууль, Цогтцэций суманд уул уурхайн аврах ажиллагааны дадлага сургуулиуд тус тус зохион байгуулагдах юм.

Дадлага сургуулийн зорилго гамшгийн үед харилцан ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, орон нутгийн болон бүсийн түвшинд бие даан ажиллах чадварыг дээшлүүлэх, хариу арга хэмжээний шийдвэр гаргах, хүмүүнлэгийн тусламж хүлээн авах, зохицуулах, бэлэн байдлын төлөвлөлтийг боловсронгуй болгох, олон улсын багуудтай хамтран ажиллах, харилцан туршлага солилцох зорилготой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top