Монгол Улсын Засгийн газар “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онд хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай буцалтгүй тусламжийн гэрээ байгуулсан билээ. Уг төслийн санхүүжилт болох гурван сая америк долларыг Япон улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах Японы Сангаар дамжуулан гаргаж байгаа юм.
Харин төслийг Онцгой байдлын ерөнхий газраас төсөл хэрэгжүүлэх нэгжээр дамжуулан Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд хэрэгжүүлнэ.
Тэгвэл төсөл хэрэгжүүлэх нэгжээс “Төслийн сумын зохицуулагчдыг чиглүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа. Сургалтад Дорнод аймгийн Булган, Матад, Цагаан-Овоо, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Улаан-Уул, Говь-Алтай аймгийн Алтай, Дарви, Шарга, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Түмэнцогт, Мөнххаан зэрэг 11 сумын төслийн зохицуулагч, зөвлөхүүд хамрагдав.
Уг сургалтаар Онцгой байдлын албаны эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт, үндсэн үйл ажиллагаа, албаны онцлог, төслийн зорилго, үр дүн, шалгуур үзүүлэлт, үйл ажиллагаа, түүний хуваарь, АХБ-ны худалдан авалт, санхүүжилтийн журам, нийгэм, жендэр, байгаль орчны бодлогын талаар оролцогсодод танилцуулж, мэдээ мэдээллийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.