“Монголын говийн тэнгэр нь хүртэл цэнхэр юм гээч. Маш сайхан санагдсан. Гэхдээ ааш нь үл олдох юм. Өчигдөрхөн л +29 хэм халж, миний төрж өссөн Вашингтоны зун шиг байснаа бага үд өнгөрүүт Сахарын элсэн цөлд явж байгаа юм шиг элсээр шуурч сүйд хийх шахлаа. Байгалийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд Монгол Улсын Онцгой байдлын албан хаагчид үүрэг гүйцэтгэдэг юм байна. Чухам эр зоригийн эхний алхам эндээс л эхэлдэг бололтой” хэмээн чин сэтгэлээсээ өгүүлэх эрхэм бол АНУ-аас “Говийн чоно-2017 “ олон улсын дадлага, сургуулилтын арга хэмжээнд оролцож буй төлөөлөгч Том.
Энэ эрхмээс гадна Япон, Непаль БНСУ, Турк, Канад, Унгар, Баншладеш улсын Онцгой байдлын газрын ажилтан албан хаагчдын төлөөлөгчид “Говийн чоно”-той нүүр тулсан юм. Тодруубал, Монгол Улс, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулдаг “ Говийн чоно-2017” олон улсын дадлага сургуулилт Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдсан юм. Хэлж ирдэггүй , хийсч ирдэг гал, усны гашуун зовлонтой нүүр тулж байдаг мөрдэстнүүд бол Онцгой байдлын албан хаагчид.
Тэд сүүлийн таван жил жилд гамшгийн үед хариу арга хэмжээг яаралтай авах олон улсын дадлага сургуулилтыг эх орондоо зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн арга хэмжээ улсын нийслэлд бус орон нутаг дахь газрыг түшиглэснээрээ онцлог болсон юм. Нөгөөтэйгүүр, “ Говийн чоно-17” арга хэмжээ монгол аврагчдын боловсрол мэдлэг, мэргэжлийн ур чадвар дэлхийн түвшинд хүрч очсоныг хамтрагчид нь хүлээн зөвшөөрч, тэднээс сурах зүйл их байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудын сонорт хүргэх ёстой болов уу.
Өмнө нь зөвхөн ажиглагчийн байр сууриас ханддаг байсан улс орнууд энэ жил сургалтад биечлэн оролцохоор бие бүрэлдэхүүнээ илгээсэн байлаа. Тэгээд ч ОБЕГ болон Өмнөговь аймаг дахь Онцгой байдлын газар “Говийн чоно-2017” олон улсын дадлага сургуулилтыг маш нарийн төлөвлөлт дор зохион байгуулжээ. Бусад орны төлөөлөлтэй танхимын сургалт хийхээс гадна хээрийн дадлага сургуулилт, аврах ажиллагааг бодитоор зохион байгуулсан юм.
Тухайлбал, Цогтцэций суманд нурангид дарагдсан хүмүүсийг хэрхэн аврах, хээрийн эмнэлэг дэлгэж түргэн тусламж үзүүлэх үйл явцыг тухайн газраас оролцогчдод дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэв. Дадлага сургуулилтад зөвхөн онцгой байдлын салбар бус гамшгийн үед бэлэн байх чиг үүрэгтэй эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, хил хамгаалах, иргэний нисэх гээд бүхий л салбарын төлөөлөл оролцсон. Э нэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдаал Галт, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар дадлага сургуулилтын нээлтэд оролцож үйл явц, бэлэн байдалтай танилцлаа.
Нээлтийн үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Өмнөх сургуулилтууд бидний хувьд туршлага бас түүх болж үлдсэн. “Говийн чоно” сургалт гамшгаас хамгаалах дадлага, сургалт Монголын бренд болж чадлаа. Тэр үүднээс мөрдэс нэгт нөхдөө урьж, “Мэдлэгээ түгээе, туршлагаа хуваалцъя” уриан дор энэхүү “Говийн чоно-2017” арга хэмжээг эх орондоо зохион байгууллаа. Гадаад улс орон, олон улсын байгууллагуудтай турш¬лага солилцож шинэ дэвшил шинэ санаа, туршлагыг Монгол Улсын гамшгаас хамгаалах ме¬неж¬ментийн үйлажиллагаанд нэвтрүүлэх зорилготой” хэмээн онцлов.
Дадлага сургуулилтын ач холбогдлын талаар АНУ-ын Номхон далайн армийн дэд командлагч, хошууч генерал Рожер Нобль “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургууль нь Номхон далайн армийн хуурай замын цэргийн командлалын хувьд их ач холбогдолтой. Энэ сургалтыг цаашид яаж өөрчилж, өргөжүүлж болох вэ гэдэг тал дээр монголчуудын саналыг сонсч дэмжихэд бэлэн” гэсэн ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Гадаад улс орнууд гамшгийн үедхэрхэн тусламж дэмжлэг үзүүлдэг юм. Ямар бүтэц зохион байгуулалттайгаар ажилладаг, хууль эрхзүйн талын туршлагыг хуваалцана.
Шаардлагатай нөхцөлд эхний ээлжинд бүс нутгийн хэмжээнд хариу арга хэмжээ авах төлөвлөгөө бэлэн байдлыг хангах мэдлэг, мэдээллийг солилцож туршлага болгож авч үлдэх хэрэгтэй. Томоохон гамшиг тохиолдоход олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламжийг хэрхэн хүлээж авах юм зэргээр олон төрлөөр төлөвлөж ярих шаардлагатай. Академик сургалт, цагийн байдалд ажиллахаас гадна гэнэтийн ослын удирдлагын системийг туршина.
Хээрийн дадлага сургуулилтын талаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга М.Адъяабаатар “Бэлтгэл ажлын хүрээнд
АНУ-ын ослын үеийн удирдлагын системд ойртуулах зорилгоор ажилласан. Хээрийн удирдлагын байр, хүн эмнэлэг, мал эмнэлгийг олон улсын стандартад нийцүүлэхээр орон нутгийн хүчин чадалд нийцүүлэн бэлтгэсэн” гэв. Говийн бүсэд газар хөдлөлийн чичирхийлэл жилээс жилд нэмэгдэх болсон байна. Тухайлбал, Цогтцэций суманд 48 цагийн хугацаанд 0.7-3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт 52 удаа мэдрэгджээ.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “ Даланзадгадын ерөнхий төлөвлөгөөнд шинэ хот зүүн хойшоо тэлж хөгжихөөр тусгагдсан. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдогийн хувьд шинэ Даланзадгад хотод гамшгийн үед ашиглах аюулгүйн нөөцийн талбайг бий болгосон. Үүнийгээ аймгийн ИТХ-аар оруулж баталгаажуулна ” гэсэн юм. Монголын говийн араншин ямар, Монголын аврагчид ямар нөхцөлд үүрэг гүйцэтгэдгийг “Говийн чоно-2017 “ дадлага сургуулилт гадныханд жинхнээсээ бодиттойгоор үзүүлсэн гэж хэлж болно. Монголчуудын хувьд хаврын байдаг л нэг хуйсагнуур өдрүүд болж өнгөрсөн. Сургуулилтын үеэр Өмнөговийн ихэнх ихэнх сумдаар өдөртөө 16-18 м/с, зарим сумдаар 20 м/с хүрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүссэн хэдий ч “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дасгал сургуулилтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.