Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн нутгаар хур тундас орсон.

Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, тал хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 градус, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 25-30 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 13-нд зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. 12, 13-нд ихэнх нутгаар сэрүүхэн Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 14-нөөс ихэнх нутгаар дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 107 дугаар байранд иргэн Д-гийн 8 хоногтой нярай хүүхэд цоожлогдсон байна гэсэн дуудлагыг 2017.05.11-ний өдрийн 02:14 цагт хүлээн авч нийслэлийн аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цоожлогдсон хаалгыг онгойлгон хүүхдийг ээж У-д  хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн “Хужиртын Бунхант” гэдэг газар малчин Д-гийн 2 адуу 2017.04.29-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.01-ний өдрийн 17-83 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн “Хаяаагийн ястын хошуу” гэдэг газар малчин З-гийн 2 үхэр 2017.05.01-ний өдөр мал, амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.05.06-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Б-гийн 117 хурганд 2017.05.04-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.07-ны өдрийн 17-991 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Ар шуудуу” гэдэг газар малчин А-гийн 43 хурганд 2017.05.03-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.06-ны өдрийн 17-967 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн “Ногоон нуруу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ ойн түймэр дахин сэргэж ассан тухай дуудлагыг 2017.05.08-ны өдрийн 14:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 87 иргэн, нийт 98 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр цурмыг унтраахаар ажиллаж 21:59 цагт сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн дээд  хийд” гэдэг газарт /сумын төвөөс баруун хойд зүгт 16 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.10-ны өдрийн 15:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын  газрын 19 албан хаагч, ЗХ-ний 234 дүгээр ангийн 10 албан хаагч, орон нутгийн 46 иргэн, нийт 75 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 22:35 цагт цурманд оруулсан.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Баруун 4 зам дээр иргэн Н-ийн 11-96 УНГ улсын дугаартай, “Приус-20” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.10-ны өдрийн 12:38 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.10-ны өдрийн 16:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Бат-Уулын 1 дүгээр гудамжинд байшин дотор эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.10-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Шивээ-Овоо багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Шивээ-Овоо” ХХК-ийн хатаах үйлдвэрийн хувиарлах хоолой шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.10-ны өдрийн 16:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top