Зуд бидэнд ямар хохирол дагуулдаг вэ

DSC_3553.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс  Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран 2016 оноос эхлэн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар онол, практикийн бага хурлыг уламжлал болгон зохион байгуулж байна.

Манай орны хувьд нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол үзүүлдэг гамшгийн нэг нь зудын гамшиг байдаг.

Тухайлбал, Монгол орны нутаг дэвсгэрт сүүлийн 60 гаруй жилийн 65%-д нь их бага хэмжээтэй зуд тохиолдож байсан бөгөөд статистик судалгаанаас үзэхэд тохиолдож буй зудын улмаас жил тутам дунджаар 1,3 сая толгой мал хорогдож байна. Харин 1944-1945 онд 8.3 сая, 1950 онд 3.5 сая, 1967-1968 онд 2.9 сая, 1976-1977 онд 2.1 сая, 1999-2002 онд 11.2 сая, 2009-2010 онд 9,7 сая, 2015-2016 онд 1.02 сая, нийт 38.7 сая толгой мал хорогдож байжээ. Энэ нь 2016 оны жилийн эцсийн нийт малын 63 хувийг эзэлж байгаа тооцоог судлаачид гаргасан байна.

Тийм ч учраас энэ жилийн онол практикийн бага хурлаар зудын гамшгийн асуудлыг хөндөж зудын аюулаас эрт сэрэмжлүүлэх, эрсдэлийг бууруулах, малчдын даван туулах чадварыг нэмэгдүүлэх, зудын эрсдэлийг тооцох, зудын гамшгийн сургамж зэрэг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж байна.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал-2017” онол практикийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, “НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлагдсан “Тогтвортой хөгжлийн зорилтууд”, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын конвенц”, “Сендайн үйл ажиллагааны хүрээ” зэрэг дэлхий нийтээр дагаж мөрдөж буй томоохон баримт бичгүүдийг өөрийн үндэсний онцлогтоо тохирсон нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэтийн бодлоготойгоо уялдуулан урт хугацааны стратеги төлөвлөгөөтэйгээр бүс нутаг, үндэстэн, орон нутаг, олон нийтийн түвшинд хэрэгжүүлэх явдал тулгамдсан асуудлын нэг болж байна гэж онцлоод шинжлэх ухааны байгууллагууд хамтран ажиллаж, сайн туршлагаа харилцан солилцох, түгээн дэлгэрүүлэх, бодлого, үйл ажиллагаатай холбоотой сургамжийн талаар мэдээлэл солилцох, гамшгийн эрсдэлийг үнэлэх, зураглах, хянах, бууруулах, эрт зарлан мэдээлэх системийг боловсронгуй болгох, шинжлэх ухааны нээлт, шинэ дэвшилтэт техник технологид суурилсан гамшигтай тэмцэх арга ажиллагааг нэвтрүүлэх нь илүү үр дүнтэй болох нь харагдаж байгаа юм.

Иймээс онол, практикийн бага хуралд оролцож буй эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд та бүхэн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны тулгамдаж буй асуудлуудад анхаарлаа хандуулж, цаашид гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж, удирдах, дэвшилтэт технологид тулгуурласан шийдлийг олоход үнэтэй хувь нэмрээ оруулна гэж итгэж байна” гэж дурдлаа.

             Мөн МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, “Монголын Улаанзагалмайн нийгэмлэг бол гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа хоёр асуудалд илүү анхаарч байгаа. Эхний асуудал бол шинжлэх ухаанч байр суурь-Судалгаатай дүгнэлттэй бүх асуудалд хандах. Бид гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр  хэдэн ч төгрөг зарцуулж болно. Гэхдээ бид  нэг ч  төгрөгний үр ашгийг урьдчилан тооцож, шинжлэх ухаанч талаасаа бид бүх үйл ажиллагаагаа уялдуулах нь хамгийн чухал гэж үзэж  хоёр дах жилдээ энэ онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна.

Хоёрдах бидний анхаарч байгаа  асуудал бол гамшгаас хамгаалах эрхзүйн орчинг илүү тодорхой оновчтой болгоход Улаанзагалмайн нийгэмлэг төрдөө туслах  үүргээ биелүүлнэ. Тиймээс бид  УИХ-д Улаанзагалмайг дэмжих парламентын бүлэг гэж хоёрдах парламентаа байгуулсан. Нийт 19 УИХ-ын гишүүн, улс төрийн намын олон төлөөлөл оролцож гамшгаас хамгаалах  эрхзүйн орчинг илүү боловсронгуй болгоход бидэнд дэмжлэг үзүүлж ажиллах хүмүүс юм” гэлээ.

Өнөөдрийн онол практикийн бага хуралд ОБЕГ, ХХААХҮЯ, МУЗН, УЦУОСМХ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Мал эмнэлгийн хүрээлэн, Японы хүүхдийг ивээх сан зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид “Зудыг эртнээс сэрэмжлүүлэх нь”, “2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээ”, ”Зудын эрсдэлийг бууруулах, малчдын даван туулах чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны үр нөлөө, сургамж”, “Хиймэл дагуулын мэдээг ашиглан зудын эрсдэлийг тооцоолох боломж”, Монгол малд учрах зудын дарамт, түүнийг даван туулах арга зам” зэрэг сэдвээр гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын нэг болох зудын эрсдэлийг бууруулах чиглэлээр санал, зөвлөмжөө тусгасан илтгэлүүдийг хэлэлцүүлж хамтын дүгнэлт, зөвлөмж гарган үр дүнг нь дүгнэх, шинээр гарч байгаа эрсдэл, тулгамдсан асуудлыг зөвшилцөж байгаагаараа онцлог юм.

“Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал-2017” онол, практикийн бага хуралд оролцогчид Онцгой байдлын ерөнхий газар, холбогдох яам, агентлаг, эрдэм шинжилгээний байгууллагуудад хандаж зудын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зөвлөмжийг гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top