Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруунаас 5-10 м/с, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газар болон говь, талын нутгаар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с, 30-32 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 18-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар 18-20 м/с, 19, 20-нд говь талын нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 17-нд ихэнх нутгаар халуун байх боловч 18,19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

2.Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Булган аймгийн Орхон сумын төвөөс урд зүгт 11 км-т /Ө.48093/00//, У.104011/00/// 2017.05.15-ны өдрийн 19:41 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Орхон сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж мэдээлсэн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн “Хужиртын Бунхант” гэдэг газар малчин Д-гийн 2 адуу 2017.04.29-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.01-ний өдрийн 17-83 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Хашаат сумын Номгон багийн “Сайрын-Ам” гэдэг газар малчин Б-гийн 1 хонь 2017.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Жаргалант сумын Асайт ”Улаанхаргана” гэдэг газар малчин Г-гийн 2 ишиг халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн “Хаяаагийн ястын хошуу” гэдэг газар малчин З-гийн 2 үхэр 2017.05.01-ний өдөр мал, амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.05.06-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Б-гийн 117 хурганд 2017.05.04-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.07-ны өдрийн 17-991 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Төмөртэйн багана” гэдэг газар малчин А-гийн 20 хонь, 12 хурганд 2017.05.08-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.10-ны өдрийн 17-1023 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Номтын даваа” гэдэг газар малчин Г-гийн 106 хурга 2017.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.05.12-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Ар шуудуу” гэдэг газар малчин А-гийн 43 хурганд 2017.05.03-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.06-ны өдрийн 17-967 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Халуун-Усны бургаст” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 65 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.15-ны өдрийн 16:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 22 иргэн, 5 мотоцикльтой, нийт 34 хүн, 2 автомашин, 5 мотоцикльтой ажиллаж 05.15-ны өдрийн 22:29 цагт цурманд оруулсан.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  компьютер тоглоомын газар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.15-ны өдрийн 09:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “NOTC” ХХК-ийн хашаанд 15х12 хэмжээтэй сендвичин барилга, 4х4 хэмжээтэй сендвичин барилга, 52-72 УБН улсын дугаартай бага оврын ачааны автомашин, 20 тн-ын 4 чингэлэг, тоног төхөөрөмж, хураалттай байсан хөөсөн блок шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.15-ны өдрийн 12:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 15 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр; Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч, нийт  36 албан хаагч, 9 техник хэрэгсэлтэйгээр;

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны “Мандах”-ын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.15-ны өдрийн 15:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Мөн дүүргийн 26 дугаар хороонд эзэнгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.15-ны өдрийн 16:21 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.15-ны өдрийн 17:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /32 настай, эрэгтэй/ угаартсан байсныг иргэд гаргаж, НЯТТТ-д шилжүүлэн өгсөн байсан. 

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.15-ны өдрийн 20:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;  

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 1 дүгээр гудамжнинд амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.15-ны өдрийн 15:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жендеу” авто угаалгын газар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.15-ны өдрийн 15:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн 36 дугаар байрны хажууд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.15-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим  багийн 1 дүгээр гудамжинд иргэн Э-гийн эзэмшлийн 78-33 УБД улсын дугаартай автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.15-ны өдрийн 17:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

6.Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэрэгслийн осол: Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат багийн “Зэгэстэйн даваа” гэдэг газар “Улаанбаатар хотоос–Орхон аймгийн” чиглэлд зорчиж явсан 56-76 УБЦ улсын дугаартай суудлын автомашин, 52-30 УБР улсын дугаартай суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2017.05.16-ны өдрийн 03:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж гэмтсэн иргэн Ж /41 настай, эрэгтэй/, Э /34 настай, эрэгтэй/, Ж /33 настай, эрэгтэй/, Л /32 настай, эмэгтэй/, З /27 настай, эрэгтэй/, Э /27 настай, эрэгтэй/ нарыг Дархан-уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт, нас барсан  3 иргэний /нэр, нас тодорхойгүй/ цогцсыг гаргаж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид тус тус шилжүүлэн өгсөн.

Химийн бодисын осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 13 дугаар байрны зүүн хойд талд 10 гр орчим мөнгөн ус асгарсан  байна  гэсэн дуудлагыг 2017.05.15-ны өдрийн 11:59 цагт хүлээн авч НОБГ-ын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж асгасан мөнгөн усыг соруулан авсан. 50х50 см газарт хөрс хуулалт хийсэн.

Ахуйн осол: Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Дэхт гэдэг газар 10 метр гүнтэй худагт 1 хүний цогцос байгаа тухай дуудлагыг 2015.05.15-ны өдрийн 11:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Л /50 настай, эрэгтэй/ -ийн цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Андын зам” ХХК-ийн баригдаж байгаа барилгын 4 давхраас 1 хүн унаж гэмтсэн тухай дуудлагыг 2017.05.16-ны өдрийн 02:11 цагт хүлээн авч НОБГ-ын Аврах ангийн 7 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж Б /16 настай, эрэгтэй/  цахилгаан шатны хонгилд унаж гэмтсэн байсан тул НЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top