Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 8-13 м/с, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр 18-20 м/с зарим үед 24 м/с, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор сэрүүсч 18-23 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 градус, говь талын нутгаар 31-36 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 31-33 градус дулаан байна.

Төлөв байдал: 18,19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 18-19-нд ихэнх нутгаар 18-20 м/с, 20-нд говь талын нутгаар, 21-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 18,19-нд нутгийн хойд хэсгээр, 20-21-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 18-наас 19-нд шилжих шөнө нутгийн хойд хэсгээр цочир хүйтэрнэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн ард 22Б байрны 2 дугаар орцны цахилгаан шатанд хүн гацсан байна гэсэн дуудлагыг 2017.05.16-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн П /22 настай, эрэгтэй/, Р /22 настай, эрэгтэй/ нар цахилгаан шатанд гацсан байсныг гаргаж аюулгүй болгосон.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн “Хаяаагийн ястын хошуу” гэдэг газар малчин З-гийн 2 үхэр 2017.05.01-ний өдөр мал, амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦTЛ-д шинжлүүлэхэд 2017.05.06-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Б-гийн 117 хурганд 2017.05.04-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.07-ны өдрийн 17-991 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Төмөртэйн багана” гэдэг газар малчин А.Азжаргалын 20 хонь, 12 хурганд 2017.05.08-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.10-ны өдрийн 17-1023 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Ар шуудуу” гэдэг газар малчин А-гийн 43 хурганд 2017.05.03-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.06-ны өдрийн 17-967 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Номтын даваа” гэдэг газар малчин Г-гийн 106 хурга 2017.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.05.12-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн “Хужиртын бунхант” гэдэг газар малчин Д-гийн 2 адуу 2017.04.29-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.01-ний өдрийн 17-83 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Хашаат сумын Номгон багийн “Сайрын-Ам” гэдэг газар малчин Б-гийн 1 хонь 2017.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Улаанхаргана” гэдэг газар малчин Г-гийн 2 ишиг халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн “Цагаан нуруу” гэдэг газар малчин Ж-гийн хотонд үнэг дайрч 4 ишиг барьсан тул үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн сумын Ховд багийн “Дэвшлийн баруун дэвсэг” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Халуун-Усны бургаст” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 65 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.15-ны өдрийн 16:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 22 иргэн, нийт 34 хүн, 2 автомашин, 5 мотоцикльтой ажиллаж 05.15-ны өдрийн 22:29 цагт түймрийг цурманд оруулан 05.16-ны өдрийн 15:05 цагт бүрэн унтрааж багийн Засаг дарга П.Уламнэмэх, сумын байгаль орчны байцаагч С.Жаргалсайхан нарт хүлээлгэн өгсөн.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн зуслангийн задгайд зуны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.16-ны өдрийн 08:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.16-ны өдрийн 13:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багийн нутаг /сумаас баруун зүгт 25 км-т/ “Худгийн-Ам” гэдэг газар айлын бууц, хаваржаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.16-ны өдрийн 12:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын га зрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын рашаан гэдэг газар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.16-ны өдрийн 14:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн амны хашаанд “Их тэнгэр цогцолбор”-ын хойд хэсэгт өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.16-ны өдрийн 23:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 00:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top