Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсэг болон төвийн зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төв болон зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс 7-12 м/с, ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр  25-30 градус, говийн нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. 21-нээс нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Булган аймгийн Хангал  сумын Хялганат тосгон “Ойчид”-ын 6 дугаар гудамжны 3 тоотод иргэн С /68 настай, эрэгтэй/ 2017.05.18-ны өдрийн 15:00  цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.05.18-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 28 албан хаагч, ар гэрийн 4 иргэн, нийт 32 хүн явганаар Хялганат тосгоны  “Нарсны задгай” гэдэг газраар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2017.05.19-ний өдрийн 06:35 цагт тус багийн Баруун нарс гэдэг газраас эсэн мэнд олсон.         

Үер: Ховд  аймгийн Булган сумын нутгаар 2017.05.16, 17, 18-ны өдрүүдэд дулаарч уулын цас хайлсны улмаас Булган гол үерлэж Байтаг багийн “Шуудайн мод”, Алаг толгой багийн “Яам” гэдэг газар иргэд усанд боогдсон тухай дуудлагыг 2017.05.18-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 38 дугаар ангийн 13 албан хаагч, 2 завьтай ажиллаж 10 айл өрхийн 35 иргэн, 1550 малыг ус гаталгаж аюулгүй газар гаргасан.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын төвөөс зүүн урд зүгт 34 км-т /Ө.43003/00//, У.104041/00/// 2017.05.19-ны өдрийн 05:51 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-с цахим шуудангаар 05.19-ны өдрийн 07:15 цагт ирүүлсэн. ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хүрмэн сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдээлсэн.

4.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн “Хаяаагийн ястын хошуу” гэдэг газар малчин З-гийн 2 үхэр 2017.05.01-ний өдөр мал, амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦTЛ-д шинжлүүлэхэд 2017.05.06-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Б-гийн 117 хурганд 2017.05.04-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.07-ны өдрийн 17-991 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Төмөртэйн багана” гэдэг газар малчин А.Азжаргалын 20 хонь, 12 хурганд 2017.05.08-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.10-ны өдрийн 17-1023 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Ар шуудуу” гэдэг газар малчин А-гийн 43 хурганд 2017.05.03-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.06-ны өдрийн 17-967 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Номтын даваа” гэдэг газар малчин Г-гийн 106 хурга 2017.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.05.12-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн “Хужиртын бунхант” гэдэг газар малчин Д-гийн 2 адуу 2017.04.29-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.01-ний өдрийн 17-83 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Хашаат сумын Номгон багийн “Сайрын-Ам” гэдэг газар малчин Б-гийн 1 хонь 2017.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Улаанхаргана” гэдэг газар малчин Г-гийн 2 ишиг халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн “Цагаан нуруу” гэдэг газар малчин Ж-гийн хотонд үнэг дайрч 4 ишиг барьсан тул үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган  аймгийн Сайхан  сумын Сайхан-Овоо багийн “Булуугийн-Эх” гэдэг газар эзэнгүй 1 үхэр 2017.05.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.18-ны өдрийн 17-1030 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн сумын Ховд багийн “Дэвшлийн баруун дэвсэг” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

5.Ой, хээрийн түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны “Богины-Аманд” ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 11:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 67 албан хаагч, нэмэлт дуудлагаар НОБГ-ын  26  албан хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 96 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 05.17-ны өдрийн 17:12 цагт цурманд оруулсан. Түймэрт нийт 2,5 га орчим талбай өртсөн. 2017.05.18-ны өдрийн байдлаар тус дүүргийн Онцгой байдплын хэлтсийн 67 албан хаагч, 7 автомашинтай ажиллаж байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр  сумын Наран багийн  “Хөх чулуутын Шавартын-Эх” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 37 км-т/  ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.05.08-ны өдрийн 17:33 цагт хүлээн авч ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Галбадрахаар ахлуулсан тус аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Өмнөдэлгэр сумын 17 иргэн, Цэнхэрмандал сумын  7 иргэн, нийт 58 хүн, 6 автомашин, 7 мотоциклтой ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум,  Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017:05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа АТА-ийн 20 албан хаагч МТ1001 дугаарын Ми-171Е загварын нисдэг тэргээр 05.17-ны өдрийн 16:35 цагт түймрийн голомтод хүрэлцэн очсон. Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, Хан Хэнтийн дархан цаазат газрын тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, нийт 51 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 05.18-ны өдрийн байдлаар түймрийг унтраахаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын  21 албан хаагч, 2 автомашинтай явсан.

6.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд Тойрог найм  хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.18-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашинтай;

Багануур дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.18-ны өдрийн 18:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /68 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.19-ний өдрийн 01:54  цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Мөн дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.19-ний өдрийн 02:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Шүдэнзний-Ар багийн 5 дугаар хэсэгт 2 байшин, хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.18-ны өдрийн 22:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

7.Техникийн холбогдолтой осол:

Ахуйн осол: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 30 дугаар байрны зүүн талд дулааны шугамын худагт хүүхдийн цогцос байна гэсэн дуудлагыг 2017.05.18-ны өдрийн 15:08 цагт хүлээн авч НОБГ-ын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж дутуу төрсөн ураг байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top