Увс аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Увс нуурын ай савын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаатай хамтран “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх зарим арга хэмжээ” сэдэвт бүсчилсэн сургалтыг Баруунтуруун суманд зохион байгууллаа.
Уламжлал болгон зохион байгуулдаг уг сургалт нь хаврын хуурайшилтын улирал эхлэхээс урьтаж зохион байгуулдгаараа онцлог юм.
Сургалтанд Баруунтуруун, Малчин, Хяргас, Тэс, Зүүнговь, Цагаанхайрхан, Өндөрхангай зэрэг сумдын засаг даргын тамгын газрын дарга нар, цагдаагийн хэсгийн төлөөлөгч, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, багийн засаг дарга зэрэг нийт 70 гаруй ажилтан, албан хаагч хамрагдсан байна.
Сургалтын үеэр өнгөрсөн онд сум бүр ой хээрийн түймрээс хэрхэн урьдчилан сэргийлж ажилласан талаар туршлага солилцохоос гадна цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцлоо гэж Увс аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.