Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Улсын Онцгой комиссын ажиллах журамд өөрчлөлт оруулах асуудлыг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж нэмэлт өөрчлөлт орууллаа.
Журамд тусгаснаар Улсын Онцгой комиссын нарийн бичгийн даргаар онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан, хурандаа, эсвэл түүнээс дээш цолтой албан хаагчийг томилох юм.
Мөн комиссын Ажлын алба орон тооны таван гишүүнтэй байх бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын орон тооны хязгаарт багтана гэж нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Гамшгийн голомтод ажиллах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээрт оролцож байгаа байгууллага, хуулийн этгээдийн ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Шуурхай бүлэг томилон ажиллуулах, аймаг, нийслэлийн Онцгой комисс нь гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгоход шаардагдах нэмэлт санхүүжилт хүсэхдээ тухайн онд баталсан Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын тайлан, санхүүгийн анхан шатны материалыг Улсын онцгой комисст ирүүлэх ёстойг нэмж тусгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.