Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Халх голын саваар 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с.  26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 3,4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 1-нд зарим газраар түр зуур 16-18 м/с, 2-нд говийн аймгуудын нутгаар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 1-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх ажиллагаа: Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Ярантын боомт”  гэдэг газар, Булган голд /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ иргэн О /32 настай, эрэгтэй/ загасчилж яваад усанд осолдсон тухай дуудлагыг 2017.05.29-ний өдрийн  20:55  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, Хилийн 0130 дугаар ангийн 6 алба хаагч, нийт 16 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Шаргын гүүр” гэдэг газар Шаргын голд /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ иргэн Б /18 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2017.05.30-ны өдрийн 16:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн “Хаяаагийн ястын хошуу” гэдэг газар малчин З-гийн 2 үхэр 2017.05.01-ний өдөр мал, амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦTЛ-д шинжлүүлэхэд 2017.05.06-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Энгэр хулст” гэдэг газар малчин Ц-гийн 100 хурганд 2017.04.24-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.27-ны өдрийн 17-899 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Б-гийн 117 хурганд 2017.05.04-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.07-ны өдрийн 17-991 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Төмөртэйн багана” гэдэг газар малчин А-гийн 20 хонь, 12 хурганд 2017.05.08-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.10-ны өдрийн 17-1023 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Номтын даваа” гэдэг газар малчин Г-гийн 106 хурга 2017.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.05.12-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 21 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, Аврах тусгай ангийн 10 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын захиргааны 4 ажилтан, орон нутгийн 16 хүн, нийт 76 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Хар горхи, Тосонгийн ам /Цагааннуур сумаас зүүн зүгт 40 км, Түшиг сумаас зүүн зүгт 70 км, Сүхбаатар сумаас баруун урд зүгт 25 км/ ойн түймэр гарсан гэх дуудлагыг 2017.05.29-ний өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Цагааннуур сумын 17 иргэн, Түшиг сумаас 18 иргэн, нийт 48 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.05.30-ны өдрийн 12:30 цагт бүрэн унтрааж, тус сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсага” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 33 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 70 хүн, нийт 94 хүн, 36 морь, 4 техник хэрэгсэлтэйгээр;

Мөн багийн “Усан хужир голын-Улаан хад” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 170 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.25-ны өдрийн 16:54 цагт хүлээн авч тус Хилийн 0257 дугаар ангийн 2 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.05.30-ны өдрийн 13:30 цагт цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Шар гуя” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.29-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч тус суман дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 10 алба хаагч, орон нутгийн 37 иргэн, нийт 47 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.05.30-ны өдрийн 00:20 цагт цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Тасархай нугын Сагалдраг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 31 хүн, 7 автомашин, нийт 43 хүн, 8 автомашинтай унтраахаар ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлаас багийн “Цагаан овооны-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.30-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 47 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 12 хүн, нийт 24 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Даргиат” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.30-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч тус Аврах тусгай ангийн 10 алба, тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, орон нутгийн 5 хүн, нийт 49 хүн, 5 морь, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.30-ны өдрийн 14:05 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Монгол базальт ХХК-ийн хашааны хажууд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.30-ны өдрийн 13:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.30-ны өдрийн 16:07 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, ЕБ-ын 111 сургуулийн хашааны хажууд иргэн Т-гийн чингэлэг, цахилгаан дамжуулах шугамын дэд төв шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.31-ний өдрийн 00:04 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;

Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар Бичил хороололд жижүүрийн өрөөнд эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.31-ний өдрийн 01:04 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Лүн багийн Сансар хэсгийн 1 дүгээр гудамжинд гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.30-ны өдрийн 09:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай;

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Уурхай багийн Шивээ-Овоо ХК-ийн урлагийн заал шатаж байна гэсэн дуудлагыг  2017.05.30-ны өдрийн 21:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

6.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уран-Дөш багийн “Хөлөг” ШТС-ын хажууд автозамын зорчих хэсэгт 64-37 УБГ улсын дугаартай  “Хьюндэй аксент” загварын суудлын автомашин осолдож, автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.05.30-ны өдрийн  15:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 14 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн М /49 настай, эмэгтэй/, Х /32 нас, эрэгтэй/ нарыг аварч, эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top