Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн зарим газраар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс 7-12 м/с. Дархадын хотгороор 16-21 градус, Эхийн гол Баянбүрд орчмоор 26-31 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 4-нд нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх ажиллагаа: Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Ярантын боомт” гэдэг газар, Булган голд /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ иргэн О /32 настай, эрэгтэй/ загасчилж яваад усанд осолдсон тухай дуудлагыг 2017.05.29-ний өдрийн  20:55  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Хилийн 0130 дугаар ангийн 11 алба хаагч, ар гэрийн 5 хүн, нийт 29 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.01-ний өдрийн 17:25 цагт “Ярантын боомт” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн 17 дугаар байранд бага насны хүүхэд гаднаасаа цоожлогдсон тухай дуудлагыг 2017.06.01-ний өдрийн 21:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Ж /2 настай, эрэгтэй/-ыг гаргаж, ар гэрийнхэнд нь  тус тус хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Баруун цагаан” гэдэг газар малчин Б-гийн 6 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 05.30-ны өдрийн 17-1168 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

 

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Б-гийн 117 хурганд 2017.05.04-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.07-ны өдрийн 17-991 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Номтын даваа” гэдэг газар малчин Г-гийн 106 хурга 2017.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.05.12-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Их цагаан чулуу” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2017.05.28-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.29-ний өдрийн 17-113 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан-Овоо багийн “Модон хашаат”, “Үүдэнт”, “Шовгор” гэдэг газруудад малчин Э, З, Г нарын тус бүр 1 үхэр 2017.05.29-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.31-ний өдрийн 17-134, 135, 136 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 26 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын захиргааны 6 ажилтан, орон нутгийн 26 хүн, нийт 91 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсага” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 33 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 70 хүн, нийт 94 хүн, 36 морь, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 05.31-ний өдрийн 20:20 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн багийн “Усан хужир голын-Улаан хад” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 170 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.25-ны өдрийн 16:54 цагт хүлээн авч Хилийн 0257 дугаар ангийн 2 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.05.30-ны өдрийн 13:30 цагт цурманд оруулж, 06.01-ны өдрийн 06:00 цагт бүрэн унтрааж тус сумын байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 20 орчим га талбай өртсөн/.

Мөн аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Шар гуя” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.29-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч тус суман дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 10 алба хаагч, орон нутгийн 37 иргэн, нийт 47 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.05.30-ны өдрийн 00:20 цагт цурманд оруулж, 06.01-ний өдрийн 17:30 цагт бүрэн унтрааж, багийн Засаг дарга, байгаль орчны улсын хяналтын байцаагч нарт хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 41 орчим га талбай өртсөн/.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Тасархай нугын Сагалдраг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 32 алба хаагч, орон нутгийн 51 хүн, нийт 83 хүн, 10 автомашинтай унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Даргиат” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.30-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 11 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, орон нутгийн 10 хүн, нийт 54 хүн, 10 морь, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж, 06.01-ний өдрийн 21:30 цагт цурманд оруулсан.

Хэнтий аймгийн Биндэр сумын Дэлгэрхаан багийн “Зүрх уулын-Ар” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.31-ний өдрийн 17:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах салбарын 24 алба хаагч, орон нутгийн 27 хүн, нийт 51 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 06.01-ний өдрийн 08:30 цагт цурманд оруулж, 06.01-ний өдрийн 18:43 цагт бүрэн унтрааж тус сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Хар гуяны зоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.31-ний өдрийн 14:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 55 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 9 хүн, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.01-ний өдрийн 15:10 цагт бүрэн унтрааж тус сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 6  орчим га талбай өртсөн/

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.01-ний өдрийн 20:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;

Сүхбаатар дүүргийн 27 дугаар хороонд иргэн Э-гийн 56-55 УНУ  улсын дугаартай “Соната-5” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.02-ны өдрийн 03:23 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутагт Баруун хараа дэд станцын 1000 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.01-ний өдрийн 11:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  Элст багийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг  2017.06.02–ны өдрийн 01:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн нийт 7 алба хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

6.Техникийн холбогдолтой ослын талаар:

Химийн хорт бодисБаянгол дүүргийн 15 дугаар хороо, 28 дугаар байрны 2 давхрын  хогийн сувагны дэргэд химийн хорт бодис, идэмхий натри гэсэн бичигтэй зүйл тавьсан  байна гэсэн дуудлагыг 2017.06.01-ний өдрийн 21:59 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 25х25 см хэмжээтэй хөөсөнцөр хайрцагтай “Анхаар химийн хортой бодис идэмхий натри” гэсэн бичигтэй зүйлийг  авч аюулгүй болгож, хадгалалтад авсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top