Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн  баруун хэсгээр  бороо орно. Салхи баруун  аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с, бусад нутгаар зарим үед түр зуур 18-20 м/с хүрч говь тал, хээрийн нутгаар шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгороор 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн  бороо орно. Салхи зүүн хойш эргэж 5-10 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 19-21 градус дулаан байна. Үдээс хойш сэрүүснэ.

Төлөв байдал: 2-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 4-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг,  төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгаар, 5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Салхи 2-нд говийн аймгуудын нутгаар, 4-нд нутгийн хойд хэсгээр 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх ажиллагаа: Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Ярантын боомт”  гэдэг газар, Булган голд /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ иргэн О /32 настай, эрэгтэй/ загасчилж яваад усанд осолдсон тухай дуудлагыг 2017.05.29-ний өдрийн 20:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Хилийн 0130 дугаар ангийн 11 алба хаагч, ар гэрийн 5 хүн, нийт 29 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 05.31-ний өдрийн байдлаар Ярантын боомт-Алаг толгойн чиглэлд усаар болон эрэг дагуу 6 км урт, 500 м өргөнтэйгөөр эрлийг явуулж үргэлжлүүлж байна.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Шаргын гүүр” гэдэг газар Шаргын голд /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ иргэн Б /18 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2017.05.30-ны өдрийн 16:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж осолдсон газрын голын эргээс 12 метр зайд, 5 метрийн гүнээс цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Баруун цагаан” гэдэг газар малчин Б-гийн 6 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 05.30-ны өдрийн 17-1168 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

 

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Б-гийн 117 хурганд 2017.05.04-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.07-ны өдрийн 17-991 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Номтын даваа” гэдэг газар малчин Г-гийн 106 хурга 2017.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.05.12-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Их цагаан чулуу” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2017.05.28-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.29-ний өдрийн 17-113 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан-Овоо багийн “Модон хашаат”, “Үүдэнт”, “Шовгор” гэдэг газруудад малчин Э, З, Г нарын тус бүр 1 үхэр 2017.05.29-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.31-ний өдрийн 17-134, 135, 136 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 25 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Аврах тусгай ангийн 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын захиргааны 4 ажилтан, орон нутгийн 27 хүн, нийт 88 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсага” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 33 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 70 хүн, нийт 94 хүн, 36 морь, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 05.31-ний өдрийн 20:20 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн багийн “Усан хужир голын-Улаан хад” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 170 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.25-ны өдрийн 16:54 цагт хүлээн авч Хилийн 0257 дугаар ангийн 2 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.05.30-ны өдрийн 13:30 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Шар гуя” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.29-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч тус суман дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 10 алба хаагч, орон нутгийн 37 иргэн, нийт 47 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.05.30-ны өдрийн 00:20 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Тасархай нугын Сагалдраг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 32 алба хаагч, орон нутгийн 51 хүн, нийт 83 хүн, 10 автомашинтай унтраахаар ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлаас багийн “Цагаан овооны-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.30-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 47 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 12 хүн, нийт 24 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Даргиат” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.30-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 11 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, орон нутгийн 10 хүн, нийт 54 хүн, 10 морь, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Биндэр сумын Дэлгэрхаан багийн “Зүрх уулын-Ар” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.31-ний өдрийн 17:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах салбарын 24 алба хаагч, орон нутгийн 27 хүн, нийт 51 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.         

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Хар гуяны зоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.31-ний өдрийн 14:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 55 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 9 хүн, 2 автомашин, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 18:30 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “ТЭЦ-4” ТӨХК-ийн урд “Жэй Ти-Эс-Эс” ХХК-ийн хөөсөнцөрийн үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.31-ний өдрийн 12:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, нэмэлтээр  Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар ангийн тус бүр 8 алба хаагч, нийт 4 ангийн 32 алба хаагч, 8 автомашинтайгаар;

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 13 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.31-ний өдрийн 17:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо,  Хангай захын хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.31-ний өдрийн 19:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, нийт 2 ангийн 16 алба хаагч, 4 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэг багт байрладаг “Модерн номадс” рестораны сауны хэсэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 2017.05.31-ний өдрийн 21:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

6.Техникийн холбогдолтой ослын талаар:

Химийн хорт бодисБаянгол дүүргийн 15 дугаар хороо, 28 дугаар байрны 2 давхрын  хогийн сувагны дэргэд химийн хорт бодис, идэмхий натри гэсэн бичигтэй зүйл тавьсан  байна гэсэн дуудлагыг 2017.06.01-ний өдрийн 21:59 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 25х25 см хэмжээтэй хөөсөнцөр хайрцагтай “Анхаар химийн хортой бодис идэмхий натри” гэсэн бичигтэй зүйлийг  авч аюулгүй болгож, хадгалалтад авсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top