Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, Төв, Ховд, Говь-Алтай аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн  зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун  хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь талын нутгаар 15-17 м/с, 7, 8-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Хугацааны эцсээр говийн бүсийн нутгаар өдөртөө хална.

2.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 26 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын захиргааны 6 ажилтан, орон нутгийн 26 хүн, нийт 91 хүн, 3 техник, хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсага” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 33 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 25 хүн, нийт 37 хүн, 25 морь, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 05.31-ний өдрийн 20:20 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Тасархай нугын Сагалдраг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 32 алба хаагч, орон нутгийн 51 хүн, нийт 83 хүн, 10 автомашинтай унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Даргиат” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.30-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 11 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, орон нутгийн 10 хүн, нийт 55 хүн, 10 морь, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж, 06.01-ний өдрийн 21:30 цагт цурманд оруулан 06.03-ны өдрийн 19:40 цагт бүрэн унтрааж Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгсөн.

3.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.03-ны өдрийн 11:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай;

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бяцхан хөндлөн” гэдэг амралтын газар /сумын төвөөс баруун хойд зүгт 9 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.03-ны өдрийн 13:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 24 дүгээр ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.03-ны өдрийн 13:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх багийн 23 дугаар гудамжинд 5 ханатай гэр, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.04-ний 00:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top