Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун  хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав болон  говийн нутгаар 24-29 градус,  бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. Салхи 5-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с, 6-нд говь талын нутгаар, 7-нд Алтайн уулсаар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Сармисны хонхор” гэдэг газар тогтоол усанд  бага насны 2 хүүхэд унасан тухай дуудлагыг 2017.06.02-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж, Я /6 настай, эмэгтэй/ аварч ар гэрт нь, Б /7 настай, эмэгтэй/ осолдсон байсныг цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр хорооллын 5А байрны 8 дугаар давхраас хүн унаж гэмтсэн тухай дуудлагыг 2017.06.02-ны өдрийн 17:38 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн М /20 настай, эрэгтэй/ орон сууцны барилгын 8 дугаар давхраас үсэрч орцны хаалганы тавцан дээр унаж хүнд гэмтсэн байсныг буулган Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Тухайн иргэн эмнэлэгт хүргэгдээд нас барсан.

3.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 26 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын захиргааны 6 ажилтан, орон нутгийн 26 хүн, нийт 91 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсага” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 33 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 25 хүн, нийт 37 хүн, 25 морь, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 05.31-ний өдрийн 20:20 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Тасархай нугын Сагалдраг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 32 алба хаагч, орон нутгийн 51 хүн, нийт 83 хүн, 10 автомашинтай унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Даргиат” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.30-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 11 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, орон нутгийн 10 хүн, нийт 55 хүн, 10 морь, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж, 06.01-ний өдрийн 21:30 цагт цурманд оруулсан.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд гэр, амбаар, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.02-ны өдрийн 15:16 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Бэст буйдан” ХХК-ийн хашаанд иргэн Б-гийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.02-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай;

Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жавхлант хэсгийн 6 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.02-ны өдрийн 18:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт багийн 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.02-ны өдрийн  21:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай;

Сэлэнгэ  аймгийн Баянгол сумын Хараа багийн “Дэрстэй” гэдэг газар автозамын зорчих хэсэгт 71-74 УНЛ улсын дугаартай “Норд бенз” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.02-ны өдрийн 23:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top