Хувь хүний хөгжил, манлайллын чадварыг хөгжүүлэх, албан хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын эмэгтэй албан хаагчид олон улсын боловсролын байгууллага болох “Тоастмастерс Интернэшнл” байгууллагад элсэн орж байна.
90 гаруй жилийн түүхтэй, эдүгээ 135 улсад 15400 клуб, 332 мянган гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг дэлхийд нэр хүндтэй энэхүү олон улсын байгууллагыг Монголд анх 2010 онд “Toastmasters Mongolia club” нэртэйгээр байгуулж байжээ.
Энэ хугацаанд Монголд “Тоастмастерс”-ийн клубууд байгуулагдаж олон арван залуус хөгжин дэвшиж, хэлний мэдлэг, манлайллын чадвараа дээшлүүлсээр ирсэн.
Тухайлбал, MSC, Вагнер Ази, Эрдэнэт үйлдвэр, UB Tоастмастер, Great Mongols зэрэг зургаан байгууллагын албан хаагчид энэхүү олон улсын байгууллагын гишүүнээр элссэн байдаг.
Харин Онцгой байдлын ерөнхий газрын хувьд олон улсын байгууллагын гишүүнээр элсч буй долоо дах байгууллага төдийгүй, анхны төрийн байгууллага болж байгаараа онцлог юм.
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх “NEMA Toastmasters club” нь 26 гишүүнтэйгээр байгуулагдаж байгаа бөгөөд клубын анхны хичээлээ өчигдөр эхлүүллээ.
“NEMA Toastmasters club”-ын Ерөнхийлөгчөөр Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа, Боловсрол хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуулийн дэд профессор доктор (Ph.D), дэд хурандаа Д.Сэржмядаг, гишүүнчлэл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Амгалан, олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ОНХТ-ийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн нар томилогдон ажиллаж байна.