Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Дорнодын тал нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 21-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн “Унжуу” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ иргэн М /26 настай, эрэгтэй/ “Ховд” голд осолдсон тухай дуудлагыг 2017.06.05 -ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 8 алба хаагч, орон нутгийн 37 иргэн, нийт 45 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.06-ны өдрийн байдлаар тус багийн “Хар бураа” гэдэг газраас “Цахилдаг” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу явганаар 20 км, усаар 10 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Аврах ажиллагаа: Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Бугат-Үзүүр” гэдэг газар “Буянт” голд УАЗ-469 загварын 91-34 ХОҮ улсын дугаартай автомашин суусан тухай дуудлагыг 2017.06.06-ны өдрийн 10:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, жолооч С /42 настай, эрэгтэй/, С /15 настай, эмэгтэй/ нарыг автомашинтай нь голоос татан гаргаж аюулгүй болгосон.

3.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 26 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын захиргааны 6 ажилтан, орон нутгийн 26 хүн, нийт 91 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсага” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 33 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 25 хүн, 25 морь, нийт 37 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 05.31-ний өдрийн 20:20 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Тасархай нугын Сагалдраг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, орон нутгийн 51 хүн, нийт 71 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.04-ний өдрийн 23:00 цагт цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Өндөр-Эрээн” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 75 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.05-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 14 хүн, нийт 26 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр 06.06-ны өдрийн 11:00 цагт цурманд оруулан 15:40 цагт бүрэн унтрааж багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Залаатын-Ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.05-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 63, 35 дугаар ангиудын 45 алба хаагч, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 10 ажилтан, орон нутгийн 12 иргэн, нийт 67 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.05-ны өдрийн 16:40 цагт цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Орд” ХХК-ийн хашаанд хураасан мод шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.06-ны өдрийн 09:49 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.06-ны өдрийн 13:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, хуучин үйлдвэр үйлчилгээний барилга шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.06-ны өдрийн 15:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.06-ны өдрийн 20:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайзын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.07-ны өдрийн 00:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top