Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 15-20 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 9, 10-нд ихэнх нутгаар, 11-нд Алтайн уулсаар, 12-нд баруун аймгуудын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн “Унжуу” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ иргэн М /26 настай, эрэгтэй/ “Ховд” голд осолдсон тухай дуудлагыг 2017.06.05 -ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 8 алба хаагч, орон нутгийн 37 иргэн, нийт 45 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.07-ны өдрийн байдлаар тус багийн “Хавцалын-Эх”-ээс “Шар цэхээ” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу явганаар 28 км, усаар 40 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн 2 дугаар гудамжинд жорлонгийн нүхэнд хүн унасан тухай дуудлагыг 2017.06.07-ны өдрийн 22:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Х /64 настай, эмэгтэй/-г 4 метр гүн ухсан нүхэнд унасан байсныг гаргаж, анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Дорноговь аймгийн Өргөн сумын төвөөс баруун урд зүгт 16 км-т /Ө.44067/00//, У.110059/00/// 2017.06.07-ны өдрийн 13:49 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Өргөн сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж мэдээлсэн.

4.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 26 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, 1 автомашин, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 26 хүн, нийт 91 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.07-ны өдрийн 21:08 цагт;

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсага” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 33 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 25 хүн, 25 морь, нийт 37 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 05.31-ний өдрийн 20:20 цагт;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Залаатын-Ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.05-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 63, 35 дугаар ангиудын 45 алба хаагч, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 7 ажилтан, орон нутгийн 12 иргэн, нийт 64 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.05-ны өдрийн 16:40 цагт тус тус цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Тасархай нугын Сагалдраг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, орон нутгийн 51 хүн, нийт 71 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.04-ний өдрийн 23:00 цагт цурманд оруулж, 2017.06.07-ны өдрийн 18:45 цагт бүрэн унтрааж сумын ИТХ- ын даргад хүлээлгэн өгсөн.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны “Баян-Уул” амралтын газрын хойд ууланд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.07-ны өдрийн 11:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай;

Дархан-уул аймгийн Дархан сумын Мангирт багийн 4 дүгээр хэсэгт зуны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.07-ны өдрийн 19:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;

Хөвсгөл аймгийн Мөрөн  сумын  Үерт багийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.07-ны өдрийн 18:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян-Цагаан багийн “Бурхантай хөшөө” цогцолборын сахиулын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.07-ны өдрийн 22:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top