Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Москва хотноо 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Цогц аюулгүй байдал-2017” олон улсын үзэсгэлэнд оролцож байна.
ОХУ-ын Онцгой байдлын яамны удирдлага дор явагдаж байгаа олон улсын үзэсгэлэнд тус улсын аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий Онцгой байдлын алба, Хуульзүй дотоод хэргийн яам /МВД/, Хил хамгаалах алба /ФСП/, Дотоодын цэрэгт ашиглагдаж байгаа гадаад, дотоодын үйлдвэрийн орчин үеийн техник, аврах ажиллагааны тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, дунд болон хүнд машин механизмыг дэлгэн үзүүлж, мөн өөрсдийн инновацийн шилдэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа юм.
Энэхүү олон улсын арга хэмжээний үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал ОХУ-ын Онцгой байдлын сайдын орлогч Аксенов Владлен Владимировичтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн Олон Улсын иргэний хамгаалалтын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Кувшинов, ОХУ-ын Санкт-Петербургын Галын их сургуулийн захирал, дэслэгч генерал Чижиков Эдуард Николаевич, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Онцгой байдлын албаны зочид төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулсан юм.
Түүнчлэн орон нутгийн цаг агаар, газарзүйн онцлогт тохирсон инновацийн бүтээлүүдтэй танилцан, туршлага солилцож байна.
Онцгой байдлын яамны сургалтын бааз “Ногинск”-ийн 20 мянга.кв талбайд зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэнд дэлхийн 39 орны зочид төлөөлөгч, 1500 орчим хууль хүчний байгууллагын алба хаагчид оролцож байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.