Цусны Донорын Дэлхийн өдөр тохиож байна

donor-day2017.jpg

Цусны Донорын Дэлхийн өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, МУЗН хамтран “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна. Өдөрлөгийн арга хэмжээ “Донор танд баярлалаа” явган алхалтаар эхэллээ.

Нээлтийн арга хэмжээнд ЦССҮТ-ийн дарга Н.Эрдэнэбаяр, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарын зочид оролцон үг хэллээ.

Өдөрлөгийн үеэр иргэдийн цусны бүлэг, резусыг тодорхойлох, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ иргэд цусаа өгөх боломжийг бүрдүүлж, явуулын бүлэг ажиллуулж байна.

“Цусны донорын дэлхийн өдөр”- ийг энэ жил “Бусдын төлөө та юу хийж чадах вэ?”, “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” уриан дор тэмдэглэж байна.

Дэлхий нийтэд сүүлийн 10 жилийн хугацаанд гамшгийн улмаас жил бүр сая гаруй хүн амь насаа алдаж, 250 сая гаруй хүн санамсаргүй тохиолдлоор эрүүл мэндээрээ хохирч байгаа судалгаа байдаг.  Газар хөдлөлт, үер, хүчтэй салхи шуурга зэрэг байгалийн гамшгийн үед хүн ам нэг дор олноор амь эрсдэх тохиолдол ч тулгардаг.

Манай орны хувьд ч байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, осол болон хувь хүний буруутай үйл ажиллагаа, санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан олон зуун өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх шаардлага цаг тутамд гарч байна.

Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч тус бүр 400 гр буюу 10 гаруй литр цусаа хандивласан.

350 мл цусны цаана гурван хүнд амьдрал бэлэглэх сайн үйлсийн аяныг цаашид ч алба хаагчдын дунд өрнүүлэн ажиллах юм.

Өдөрлөгийн үеэр “Хүндэт донор” цол тэмдэг гардуулах “200+ өгөлттэй ТОП донор”-ыг алдаршуулах ёслол болох юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

scroll to top