Усанд осолдсон иргэдийн 90 хувь согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг

125194.jpg

-ЗУНЫ УЛИРАЛ ЭХЭЛЖ, УСАНД ОСОЛДСОН ДУУДЛАГА ИХЭСЧЭЭ-

Хуурайшилт ихтэй үеийн ой, хээрийн түймрийн зэрэгцээ усанд осолдож амиа алдах тохиодол нэмэгдсээр байгаа аж. 2017 оны зургадугаар сарын 5-ны өдрийн байдлаар, есөн аймгийн 15 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 17 удаагийн усанд осолдох тохиолдол гарч, 20 хүн амь насаа алдсан байна.

Зургадугаар сард нэг өдрийн дотор дөрвөн хүн усанд живж амиа алдсан харамсалтай тохиолдол гарчээ. Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн цаана байх Хилэм нуурын усанд 10, 15 настай хоёр хүүхэд осолдож, амиа алдсан хэрэг гарсан байна. Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Туул голд 25 настай иргэн усанд живж нас баржээ.

Голын эрэг бараадан, хүүхдүүдээ цэвэр агаарт салхилуулан гэр бүл, найз нөхдөөрөө амарч суух сайхан. Гэвч санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй голын эрэг дээр байлгаснаас голын усанд хөл алдан усанд живж, амиа алдсаар байгаа юм.

Түүнчлэн амралтын өдөр болохоор голын эрэг дагасан нийслэлчүүдийн архидан согтуурах явдал олширдог. Иргэд хэт халуунд халууцаж архи уусан үедээ голын усанд орвол сэрүүцэж, архи гарч толгой сэргэдэг гэсэн ташаа ойлголттой байдгаас үүдэн гол руу орж живдэг байна. Усанд живж, амиа алдсан иргэдийн ихэнх буюу 90 хувь нь архидан согтуурсан үедээ осолддог хэмээн албаныхан онцолж буй юм.

gol

-УСАНД ЖИВСЭН ИРГЭНИЙГ 10 МИНУТАД АВРАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ-

Архи уусан үед голын хүйтэн ус руу орох нь хүний бүх биеийн шөрмөсийг татаж, өөрийгөө удирдах чадвар буурах, тухайн хүний биеэр цус гүйх нь удааширч бие бүхэлдээ хүндэрч хөдөөлгөөн хийж амжилгүй усанд живдэг байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэдий сайн сэлдэг байсан ч гэсэн живдэг талаар албаныхан хэлж байлаа.

Усанд живсэн хүнийг арван минутын дотор анхны тусламжийг зөв үзүүлснээр аврах бүрэн боломжтой байдаг аж. Харин түүнээс дээш болсон үед болон амьсгалын зам руу их хэмжээний ус орох, гадны биет орж бөглөсөн тохиолдолд аврах боломжгүй байдаг байна. Ус болон тогтоол ус, гүнзгий цүнхээлд хөл алдаж живсэн тохиодолд амьсгалын зам усаар дүүрч бөглөрснөөр амь насаа алддаг. Усанд осолдсон иргэдийн ихэнх хувь нь усны гүнийг мэдэлгүй бүсэлхийнээс дээш усанд орж санамсаргүй байдлаар живж амь насаа алддаг аж.

Өнгөрсөн 2016 онд нийт 81 удаагийн усны холбогдолтой дуудлага (усанд осолдсон, голд унасан, мөс цөмөрсөн, автомашин голын усанд суусан, голын усанд боогдсон, үерийн усанд автсан гэх мэт) ирсэн бөгөөд 39 удаагийн дуудлага нь усанд осолдсон тухай байсан хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв. Мөн өнгөрсөн онд 37 хүн усанд осолдож нас барснаас 6-18 насны хүүхэд 12, насанд хүрсэн хүн 25 байжээ. Харин голын усанд осолдож амь насаа алдах эрсдэлээс аврагчид урьдчилан сэргийлж, шуурхай ажиллан 167 иргэний амь насыг авран хамгаалж ажилласан байна.

Энэ жил усанд осолдсон дуудлага их ирж буйтай холбогдуулан НОБГ-ын аврах ангийн алба хаагчид хээрийн сургалтад гарч, бэлэн байдалд шилжжээ. Тэд гол даган завиар эргүүлд гарсан бөгөөд иргэдэд сонор сэрэмжтэй байх талаас нь байнгын анхааруулж ажиллахаа хэлж байв. Иргэд ихээр очдог Туул гол дагуу орчмоор Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Зайсан болон Сонсголон, Яармагийн гүүр орчим анхаарал тавих бүсэд хамаарч буй бөгөөд дээрх газруудад байнгын эргүүл ажиллаж байна.

Нийслэлийн аврах ангийн бүрэлдэхүүн  гол усан дээр ажиллах, эрэн хайх, аврах ангийн дадлагыг хийж байна. Тус ангийн 200 гаруй аврагч БНСУ-д сургалтад хамрагджээ. Эдгээр өдрүүдэд Гачууртад Монгол, БНСУ-ын аврагчид хамтарсан сургалт явагдаж буй юм. Энэхүү сургалтад Сөүл хотын Аврах тусгай ангийн Эрэн хайх газрын дарга Мин Жүн Ги-гийн удирдлагад И Сан Ён, Бан Сан Чол нарын аврагчид ирж, манай залуустай туршлагаасаа хуваалцаж байна. Мөн Сөүл хотын зүгээс Монгол Аврах ангийн бүрэлдэхүүнд тоног төхөөрөмжийн тусламж үзүүлжээ.

gol

-УСАНД ЭРЭН ХАЙХ КАМЕРТАЙ БОЛСОН-

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаяр хэлэхдээ, урин дулааны цаг ирсэнтэй зэрэгцээд манай нийслэл хотын иргэд голын эрэг бараадах байдал нэмэгддэг. Манай нийслэлийн аврах ангийн бүрэлдэхүүн урин дулааны цаг болж байгаатай холбогдуулж гол усан дээр ажиллах, эрэн хайх, уснаас аврах ажиллагааны дадлага хийдэг юм. Бид энэ дээр бүх ашиглагдаж байгаа багаж техник тоног төхөөрөмж хэрэгслээ бэлэн байлгаж байна. Мөн аврагчдаа богино хугацаанд гол усан дээр ажиллаж сургах ажлыг хийж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн аюулгүй байдлыг хангах, гол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, бороо хур орж, үерийн аюул эхлэх энэ байдалд иргэдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийн хамгаалах захирамж гарсан. Энэ захирамж дагуу манай бие бүрэлдэхүүн энд үүрэг гүйцэтгэхээр ирсэн байна. Энэ жилийн хувьд нийслэлийн аврах анги 105-ын бүрэлдэхүүн БНСУ-ын Сөүл хотын Онцгой байдлын аврах ангийн бүрэлдэхүүнтэй хамтарч ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 200 гаруй алба хаагч дадлаганд хамрагдлаа. Өнөөдөр Сөүл хотын аврах ангийн аврагч нар ирж манай сургалттай танилцаж байна. Үүн дээр харилцан туршлага солилцох зэрэг ажлууд хийгдэж байна. Манай улсад сүүлийн жилүүдэд усанд эрэн хайх багаж хэрэгсэл сайжирч байна. Манайх усанд эрэн хайх камертай болсон.

Мөн цахилгаан өндөр хүчин чадалтай моторт завьтай болсон. Бидэнд хийлдэг завиар эрэн хайх ажилллагаа хийхэд хүндрэлтэй байдаг. Яагаад гэхээр мод чулуу, хад завийг хагалахаас эхлээд аврагч нарт ч эрсдэлтэй байдаг гэв.

Эх сурвалж: www.medee.mn

У.УРАНЦЭЦЭГ

gol

gol

gol

gol

gol

gol

gol

gol

gol

gol

scroll to top