Онцгой байдлын албаны өдөр тохиож байна

parad-2012-097.jpg

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны 06 дугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулахаар заасан байдаг.

2004 оны Засгийн газрын хуралдааны нэгдүгээр тогтоолоор тус газрыг байгуулж, 2005 онд Гамшгаас хамгаалах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсноор Онцгой байдлын ерөнхий газар болж өөрчлөн зохион байгуулагдсан юм.

Монгол Улсад өнгөрсөн 10 жилийн хугацаанд 38 мянга орчим байгалийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 2203 хүний амь нас эрсдэж улсын хэмжээнд 1 их наяд 70 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байна.

Онцгой байдлын албаны алба хаагчид маань 2007-2016 он буюу сүүлийн 10 жилд 10174 иргэний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 195.8  орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулан улс, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.

Аврагчдын маань мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх боломж, чадавхи жилээс жилд өсөн нэмэгдэж,  гадаад харилцааг өргөжүүлэн олон улс, хүмүүнлэгийн болон хамтрагч байгууллагуудын хандив, зээл тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар албаны техник, тоног төхөөрөмжөө үе шаттай шинэчлэн сайжруулж гамшигтай тэмцэх техникийн чадавхиа 56 орчим хувьд хүргээд байгаа юм.

Төрийн батлан хамгаалах бодлогын бичиг баримт батлагдсантай холбогдуулан Онцгой байдлын алба нь төрийн цэргийн байгууллын бүрэлдэхүүнд орсноор албан хаагчдын цол хэргэм, цалин тэтгэмж, хангамж, нийгмийн баталгааг хангах эрх зүйн бүрэн үндэс тавигдсан.

Одоогоос 10 жилийн өмнө Монгол Улсын Их Хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргасан бөгөөд Онцгой байдлын алба байгуулагдсаны 13 дах жилийн босгон дээр энэхүү хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.

Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдсанаар Онцгой байдлын байгууллагын хүрээнд хууль, эрх зүйн олон шинэчлэлүүд хийгдэж, албан хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой олон асуудлууд шийдвэрлэгдсэн.

Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдаж, стратеги, зохион байгуулалтын шинэчилсэн бүтцээр ажиллаж байгаатай холбогдуулан энэ онд албаны хэмжээнд 20 гаруй дүрэм, журам, төлөвлөгөө, удирдамжийг шинээр болон шинэчлэн боловсруулан ажиллаж байна.

Ирэх 2018 онд Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын алба Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах нэр хүндтэй хариуцлагатай үүргийг хүлээсэн. Бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаан дах Монгол Улсын манлайллыг  харуулах, Онцгой байдлын албаны нэр хүндийг олон улсын түвшинд өргөх түүхэн үйл явдал болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top