Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос 7-12 м/с, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 22,23-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24-нд Алтайн уулсаар, 25-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар халж Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол  дүүргийн 6 дугаар хороонд орцонд эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.20-ны өдрийн 13:46 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.20-ны өдрийн 16:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт С /9 настай, эмэгтэй/, С /2 настай, эмэгтэй/ нар өртөж түлэгдсэн байсныг гаргаж НТТТөвд шилжүүлэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.20-ны өдрийн 08:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.20-ны өдрийн 16:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.20-ны өдрийн 14:10 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сум, 2 дугаар багийн нутагт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.20-ны өдрийн 12:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

 3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сум, Ингэт багийн “Могойн-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.14-ний өдрийн 20:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 6 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 25 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.20-ны өдрийн 14:10 цагт бүрэн унтрааж, тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Булган аймгийн Тэшиг сум, Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, ЗХ-ний 186 дугаар ангийн 63 алба хаагч, орон нутгийн 29 иргэн, нийт 142 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Баянзүрх багийн “Дааган дэл” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, аймгийн Онцгой байдлын газрын 43 алба хаагч, орон нутгийн 35 иргэн, Цэнхэр мандал сумаас 15 хүн, Хэрлэн сумаас 51 хүн, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 8 ажилтан, нийт 177 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.19-ний өдрийн 15:00 цагт цурманд оруулсан.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 11 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 17 хүн, нийт 110 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.07-ны өдрийн 21:08 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төмөр замчдын багийн “Гүнжийн давааны Моностойн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.19-ны өдрийн 16:40 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Шарынгол суман дахь Гал түймэр унтраах аврах 55 дугаар ангийн 8 алба хаагч, орон нутгийн 3 иргэн, нийт 11 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.20-ны өдрийн 16:00 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баянтүмэн сум, Жаргалант багийн “Найман хашаат” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 65 км-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.20-ны өдрийн 15:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 9 иргэн, нийт 21 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.20-ны өдрийн 18:05 цагт бүрэн унтрааж тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Бадрах багийн “Бор-Өндөр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/  хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.20-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 25 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.21-ний өдрийн 06:53 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Ой, хээрийн түймэр: Булган аймгийн Тэшиг сум, Эрин багийн “Өндөр-Эрээн” гэдэг газар /аймгаас Тэшиг сум хүртэл 260 км, сумаас баруун хойш 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.15-ны өдрийн 14:59 цагт хүлээн авч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хилийн 0286 дугаар ангийн Эрингийн заставын 9 алба хаагч, 9 морь, орон нутгийн 6 иргэн 6 морь, нийт 26 хүн ажиллаж 06.20-ны өдрийн 12:30 цагт бүрэн унтрааж, тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Хэнтий аймгийн Биндэр сум,  Баянгол багийн “Өвөр тарвагатай” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай мэдээллийг 2016.06.16-ны өдрийн 16:15 цагт  хүлээн авч Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Орон нутгийн 36 иргэн, нийт 56 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.18-ны өдрийн 00:35 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Зам тээврийн осол:

Дорноговь аймгийн Айраг сум, Сайн-Ус баг /сумын төвөөс урд зүгт 34 км-т/ Чойр-Сайншанд чиглэлийн А0102 тоот автозамд “Ти энд Ти Петролиум” ХХК-ийн 33-57 УБҮ улсын дугаартай “Нордбенз” загварын автоцистерн онхолдож их хэмжээний шатах тослох материал асгарсан тухай дуудлагыг 2017.06.20-ны өдрийн 07:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 7 алба хаагч, “Штайн коле” ХХК-ийн 2 ажилтан, 1 автомашин, 1 дугуйт ачигч, нийт 9 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус автомашиныг босгож, 28 орчим тн дизель түлш асгарч бохирдсон 450 м2  талбайн хөрсийг 30-60 см зузаантайгаар хуулж, зөөвөрлөн аюулгүй цэгт булсан.

Нийслэлийн Баянгол дүүргийн Горькийн 27 дугаар гудамжинд иргэн М-ийн 17-01 УБҮ улсын дугаартай “Ниссан Нөт” загварын суудлын автомашин хэвгий газар унах гээд байна гэсэн дуудлагыг 2017.06.20-ны өдрийн 15:07 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашиныг татан гаргасан.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хантай багийн “Өргөө зуслан” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд иргэн У /17 настай эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2017.06.18-ны өдрийн 08:59 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 9 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 06.19-ний өдрийн байдлаар “Борхуйдайн өвөр” гэдэг газраас “Нүхт нуга” гэдэг газар хүртэл усаар 25 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Хэнтий аймгийн Батширээт сум, Онон багийн “Ононгийн гүүр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 21 км-т/ иргэн М /32 настай, эрэгтэй/ “Онон” голд осолдсон тухай дуудлагыг 2017.06.20-ны өдрийн 22:41 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан 4 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум, Дуурга багийн “Улаан хадны харз” гэдэг газар /сумын төв/ иргэн Т /39 настай, эрэгтэй/ Эгийн голд осолдсон тухай дуудлагыг 2017.06.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, орон нутгийн 9 иргэн, нийт 15 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.20-ны өдрийн 15:25 цагт тус багийн “Цагаан тохой” гэдэг газраас цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд жорлонгийн нүхэнд бага насны хүүхэд унасан тухай дуудлагыг 2017.06.20-ны өдрийн 18:56 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, И /7 настай, эрэгтэй/ жорлонгийн нүхэнд унаж, нас барсан байсныг, цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

6.Мал, амьтны гоц халдварт өвчин:

Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянгол багийн “Цуурайн-Ам” гэдэг газар малчин Б-гийн 24 үхэр мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.10-ны өдрийн 17-121 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Завхан аймгийн Тэлмэн сум, Өгөөмөр багийн “Бор толгой” гэдэг газар Улаанбаатар хотын иргэн Г Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдаас 7 хуц, 4 бяруу авч ирснээс 1 хуцнаас халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.07-ны өдрийн 17-1211 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Таравтын-Ам” гэдэг газар малчин Б-гийн хотонд 2017.06.18-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг дайрсан, уг үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.19-ний өдрийн 17-123 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сум, Хоолт багийн “Шонт” гэдэг газар малчин Ж-гийн 1 хонь 2017.06.10-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.13-ны өдрийн 17-122 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сум, Номгон багийн “Наймдын-Ар” гэдэг газар 2017.06.19-ний өдөр 1 бор гөрөөс галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.19-ний өдрийн 17-124 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум, Баяннуур багийн “Мэндийн хөтөл” гэдэг газар малчин Ш-ийн 1 хонь 2017.06.07-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.08-ны өдрийн 17-1209 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сум, Шанх багийн “Цамын булаг” гэдэг газар малчин Л-ийн хотонд 2017.06.16-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг үхсэн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.17-ны өдрийн 17-152 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум, Өлзийт хошуу багт малчин Б-гийн 1 нохой 2017.06.04-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.06-ны өдрийн 17-142 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

7.Мэдээлэл

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаарх: Улаанбаатар хотод 2017.06.19-ний өдрийн 22:00 цагаас 20-ны өдрийн 21:00 цаг хүртэл их хэмжээний усархаг бороо орсны улмаас орон сууц, барилгын зоорийн давхруудад их хэмжээний ус орсон, айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай нийт 71 дуудлагыг Нийслэлийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд хүлээн авсан. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Аврах анги, төвийн 6 дүүргийн 11 анги, нийт 13 ангийн 179 алба хаагч, 30 техник хэрэгсэлтэйгээр иргэд, аж ахуй, нэгж байгууллагын аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Өмнөговь аймгийн Номгон сум, Богт багийн “Улаан дэл” гэдэг газраас /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ малчин Т 2017.06.19-ний өдрийн 13:40 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 09:24 цагт хүлээн авч тус сумын Засаг даргаар ахлуулсан 19 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.20-ны өдрийн 16:20 цагт тус багийн “Улаан дэлийн бууц” гэдэг газраас өндөр хадан дээрээс унаж нуруу болон мөчид гэмтсэн байдалтай байсныг олж, эмнэлгийн тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top