Онцгой байдлын газрын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал өнөөдөр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, санал хүсэлтийг сонсон, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас тавьж буй цаашдын зорилт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ.
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын хувьд орон нутагт анх удаа “Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, дадлагын цогцолбор” барихаар барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм. Мөн Дархан сумын 15 дугаар багт шинээр Гал түймэр унтраах, аврах ангийн барилгыг барьж байна. Дээрх хоёр барилгын гүйцэтгэлтэй ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал танилцаж, барилгын ажлыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзаж зөвшилцсөнөөр Гал түймэр унтраах, аврах ангийн барилгыг ирэх есдүгээр сарын 01-нд хүлээн авахаар боллоо.
Харин орон нутагт анхдагч болж буй “Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, дадлагын цогцолбор”-ын хувьд орон сууцны дөрвөн давхар барилгын стандартаар баригдах бөгөөд 1-р давхарт утааны камер, 2-р давхарт газар хөдлөлтийн гамшгийн үед барилгаас нуугдах, хүлээх гарах аргад суралцах танхим, 3-р давхраас Аврах дэр ашиглан аврах ажиллагааг зохион байгуулан буулгах /подушка/, 4-р давхраас аврах хоолой ашиглан авралтын үйл ажиллагааны сургалтыг явуулах зэрэг үндсэн аврах ажиллагааны дөрвөн хэсгээс бүрдсэн цогцолбор байхаар төлөвлөгдсөн байна.
Үүнээс гадна байгууламжийн гадна хойд ханыг ашиглан ханан хад буюу уул нуруу байгалийн хүндрүүлсэн нөхцөлд ажиллах дадлага сургууль хийх зориулалттай авиралтын ханан хад байхаар төлөвлөжээ.
Эдгээр бүтээн байгуулалтын ажилтай танилцсан бригадын генерал Т.Бадрал олон шинэ ажлыг шинээр санаачлан хийж байгааг сайшаан, албаны зүгээс 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.