Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад  нутгаар багавтар үүлтэй.Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна. Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын сав нутгаар 24-29 градус,  говь талын нутаг болон Орхон, Сэлэнгийн сав газраар 32-27 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс 6-11 м/с. 32-34 градус дулаан байна.

Төлөв байдал: 27, 28-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн баруун хэсгээр сэрүүсэх боловч бусад нутгаар халж Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, говь талын нутаг болон Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Хөндлөн хайлаас багийн “Бичигт боомт” гэдэг газар /сумын төвөөс 70 км-т/ Өгөөмөрийн нүүрсний уурхайд 80-100  тн нүүрс  шатаж байна гэсэн дуудлагыг 2016.06.25-ны өдрийн 14:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 47 дугаар ангийн 3 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр  ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр  хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 14:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар  ангийн 8 алба хаагч, 2  автомашинтай ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар сургуулийн автобусны буудал дээр иргэн З-гийн 71-10 УНД улсын дугаартай “Соната-5” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 23:42 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар  ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

 

Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.25-ны өдрийн хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

 

Булган аймгийн Тэшиг сум, Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 63 алба хаагч, орон нутгийн 29 иргэн, нийт 142 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.23-ны өдрийн 11:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хантай багийн “Хайлааст нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.21-ний өдрийн 14:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 32 алба хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 55 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.23-ны өдрийн 19:00 цагт цурманд оруулж, 06.25-ны өдрийн 16:00 цагт бүрэн унтрааж багийн Засаг даргад  хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Баяндун сум, Хайрхан багийн “Угтамын цагаан  уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 42 км/-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 орчим км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.26-ны өдрийн 09:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 34 алба хаагч, орон нутгийн 42 иргэн, нийт 76 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 30 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 11:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 49 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Дарьганга сум,  Өрнө дэрс багийн “Гогцоо” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 11:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 35 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.26-ны өдрийн 05:30 цагт бүрэн унтрааж, сумын байгалийн цогцолбор газрын мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Хадын булаг багийн “Шилийн цагаан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 75 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 14:25 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.26-ны өдрийн 05:40 цагт цурманд оруулсан. /Түймрийн урт нь 7-8 км, өргөн 1 км орчим/

Төв аймгийн Мөнгөнморьт сум, Жаргалант багийн “Орзын олом” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ иргэн Т хог  шатааж байгаад гал алдаж хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 2017.06.25-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч орон нутгийн 60 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.25 ны өдрийн 20:00 цагт бүрэн унтраасан тухай сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Ерөө сум,  Буурагчин багийн “Улаан хад” гэдэг газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суугч иргэн Б /35 настай, эрэгтэй/ самар түүж яваад 2017.05.19-ний өдөр сураггүй болсон тухай дуудлагыг 2017.06.22-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, цагдаагийн 2 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.26-ны өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Дархан-Уул аймгийн Орхон сум, Баян-Өлзийт багийн “Ерөөгийн тохой” гэдэг газар “Ерөө” голд иргэн Т /35 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2017.06.25-ны өдрийн 15:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн  5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.25-ны өдрийн 17:34 цагт цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Ховд аймгийн Дөргөн сум, Авгууш багийн “Сал гармын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ иргэн Б /61 настай, эрэгтэй/ “Хар-Ус” нууранд осолдсон тухай дуудлагыг 2017.06.23-ны өдрийн 17:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 16 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Тавин багийн “Гангын тохой” гэдэг газар Ерөө голд иргэн С / 14 настай, эрэгтэй/  усанд живсэн тухай дуудлагыг 2017.06.24-ний өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 2 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 27 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Төв аймгийн Жаргалант сум, Буурал багийн нутаг /сумын төвөөс урагшаа 5 км-т/ хиймэл нууранд иргэн У /16 настай, эрэгтэй/ усанд осолдсон гэсэн дуудлагыг 2017.06.24-ний өдрийн 19:17 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

5.Мал, амьтны гоц халдварт өвчин:

Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Баянгол багийн “Цуурайн-Ам” гэдэг газар малчин Б-гийн 24 үхэр мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.10-ны өдрийн 17-121 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Завхан аймгийн Тэлмэн сум, Өгөөмөр багийн “Бор толгой” гэдэг газар Улаанбаатар хотын иргэн Г Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдаас 7 хуц, 4 бяруу авч ирснээс 1 хуцнаас халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.07-ны өдрийн 17-1211 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Хэрлэн сум, Баянмөнх багийн Тахилгат тосгоны “Цант” гэдэг газар малчин Л-ийн 9 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.23-ны өдрийн 17-1334 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баянхутаг сум, Улаан-Өндөр багийн “Хөвийн-Ам” гэдэг газар малчин Ч-гийн 9 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 17-1310 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Таравтын-Ам” гэдэг газар малчин Б-гийн хотонд 2017.06.18-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг дайрсан, уг үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.19-ний өдрийн 17-123 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сум, Хоолт багийн “Шонт” гэдэг газар малчин Ж-гийн 1 хонь 2017.06.10-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.13-ны өдрийн 17-122 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сум, Номгон багийн “Наймдын-Ар” гэдэг газар 2017.06.19-ний өдөр 1 бор гөрөөс галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.19-ний өдрийн 17-124 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хотонт сум, Өндөр сант багийн “Нарийн гүвээ” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2017.06.20-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.21-ний өдрийн 17-1315 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь ;

Булган аймгийн Баян-Агт сум, Шарга багийн “Ар булаг” гэдэг газар малчин С-ийн 1 үхэр 2017.06.20-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 279/280 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сум, Чандмань хайрхан багийн “Үенч-Өндөр” гэдэг газар малчин М-ийн 1 сарлагийн үнээ 2017.06.18-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.20-ны өдрийн 17-220 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сум, Шанх багийн “Цамын булаг” гэдэг газар малчин Л-ийн хотонд 2017.06.16-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй үнэг үхсэн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.17-ны өдрийн 17-152 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top