Д.Эрдэнэбаатар: Цэргээс ирээд л энэ албандаа гал сөнөөгчөөр ажилд орж байлаа

1523.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлага, гал түймэртэй тэмцэх асуудал хариуцсан Дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.

Дарга юм байж өрөөндөө л сууж байхгүй, яагаад гал дотор явж байгаа юм бэ гэдэг…

-Саяхан “Говь” ХК-д их хэмжээний гал гарч, нийгмийг түгшээсэн. Тухайн үед ойролцоо байсан хүмүүс гал гарч буй үйл явдлыг олон нийтийн цахим сүлжээгээр LIVE хийж, зарим хэвлэл мэдээллийн байгууллага газар дээрээс нь шууд дамжуулсан. Гал сөнөөгчид тэр их галыг унтраах тоног төхөөрөмж гээд байх зүйлгүй, бараг л улаан гараараа галыг унтраахаар орж буй дүр зураг олны сэтгэлд нэгийг бодогдуулсан байх. Тэр галыг танай алба хаагчид хэдий хугацаанд унтраасан бэ. Нийслэлийн гал унтраах ангиудыг дайчилсан гэж байсан?

-Тухайн өдрийнхөө 20:40 цагийн үед галын дуудлага ирсэн. Галаа унтраагаад бүх юмаа хийж дуусахад нийт 19 цаг болсон. Яг тэр үед Улаанбаатар хотыг тойроод нийт гурван түймэр асч, цурманд оруулсан байсан л даа. Тэр ой хээрийн түймэрт нийт 140 гаруй хүн ажиллаж байсан. Тэдний 50-60 гал сөнөөгчийг нааш нь татсан. Мөн захын гурван дүүргийн гал унтраах ангиас бусад төвийн зургаан дүүргийн 12 гал унтраах ангийн бүх алба хаагчид, машин тоног төхөөрөмжийг нь дайчилсан. Гэхдээ Улаанбаатар хотод өөр гал гарвал яах вэ гэдэг эрсдлийг тооцоод таван анги дээр таван тасгийг нөөцөнд үлдээсэн. Ер нь хүн хүч, нөөц бололцоогоо хуваарилж ажилласан.

-Энд, тэнд гал гарлаа, унтраалаа гэдэг мэдээллийг л бид алдаг оног авахаас биш гал сөнөөгчдийг ямар нөхцөлд, хэрхэн ажиллаж байгааг нь тэр бүр мэддэггүй. Говь ХК-д гарсан галыг унтааж буй үйл явцыг харахад гал сөнөөгчид галын голомт дотор орчихсон, ус шүршиж байсан. Салхины чиг өөрчлөгдөхөд л байдал эвгүйтмээр…?

-Гарч байгаа галын шатлагаанаас гарч буй дулаан 800 хэмээс дээш байдаг. Бид зуухан дээр ус буцалгахдаа яаж ойртдог билээ дээ. Яг түүн шиг гал сөнөөгчдийн хувьд тэр дулааны үйлчлэлийн бүс рүү ойртох зай нь энгийн хувцастай бол ямар байх уу, хөдөлмөр хамгааллын хувцастай бол ямар байх уу, хүч нэмэгдүүлсэн хувцастай бол ямар байх уу гэдэг нь харилцан адилгүй. Ер нь гарч байгаа галыг усны хошуу, хөөсний хошуугаар л унтраадаг. Усны хошууны тусгал нь хаашаа ч хамаагүй цацахад 20 орчим метр байдаг бол ашигтай тусгал нь 5 метр л байдаг.

-Ашигтай тусгал гэдэг нь?

-Өөрийн гаргаж байгаа усыг яг тухайн нэгж тайбайд хүргэж, галыг нь унтраахыг хэлж байгаа юм. Яг тэр чиглүүлсэн талбайг нь онох, оносон газар нь бөөнөөрөө буух хэмжээ нь 5 метр гэсэн үг. Говь ХК-д гарсан галын тухайд нэлэнхүйдээ газар авчихсан, шатлага нь дэлгэрсэн гал байсан учраас бид усыг бөөнөөр нь өгөөд л галыг тархахаас сэргийлж, доошоо хэт халаахгүй байх арга хэмжээг л авсан. Зарим хүмүүс биднийг яагаад гар нүцгэн байгаа юм бэ, хөөс ашиглахгүй байна, их удаан унтраалаа хэмээж байсан. Гэтэл гал гарсан объектын дээвэр маань өөрөө үндсэн дээврийнхээ дээр 20-30 см-ын зайтай мансарт маягийн дээвэр хийсэн байгаа юм. Ингээд дээр нь 5 см-ын банз, түүнийхээ дээр 3-4 см-ын зузаан хар цаас дэвссэн байсан. Хар цаас дотогш ус нэвтрүүлдэггүй болохоор бид дээрээс нь мянга буудаад доошоогоо ус нэвтрэхгүй. Гал доод хөндийгөөр явж байсан. Тиймээс бид тэр хөндийг нь арай гэж бага багаар нээж, буудахаар доороо хөөсөнцөртэй. Тэрнийхээ дээр дахиад шилэн хөвөнтэй. Шилэн хөвөн нь усанд нороод бөөгнөрчихнө.

-Дуудлагын дагуу анх очиход галын тархалт ямар байсан бэ?

-Би 15 минутын дараа ирсэн. Ирээд байдлыг хараад л тус компанийнханд “Бүх бүтээгдэхүүнээ аюулгүй газар руу гарга. Тоног төхөөрөмжүүдээ бүгдийг нь гялгар уутаар бүтээ” гэж зөвлөсөн. Гал бол нэлээд дэлгэрсэн байсан. Ер нь тэд анх галын дуудлага өгөхдөө ихээхэн цаг алдсан юм билээ. Гал гарсан дээвэр 192*220 хэмжээтэй, нэлээд том талбайтай. Анх очиход дээврийн агааржуулалтын нүхүүдээр утаа уугиж байсан. Ингээд хөндийгөөр явж байгаа галыг унтраахын тулд дээврийг нээх шаардлага гарсан. Гэтэл сүхээр цавчихад халчихсан хар цаас чинь зуугаад явахгүй, бетон тасдагч мөн зууралдаад явахгүй, моторт хөрөө авчирсан ч ир нь зуураад явахгүй байсан болохоор арай л гэж задалсан. Ингээд жоохон задалсан газраараа буудахаар өнөөх гал чинь салхинд улам газар авч, шатлага нь нэмэгдэж байсан. Гэхдээ ингэж л унтраах ёстой болохоор бид нээгээд л буудаад л явсан даа. Бид галыг доош нь оруулалгүй, бололцоотой бүхий л арга хэмжээг авсан.

-Миний мэдэхээр та нийслэлд гарсан бүхий л томоохон гал дээр ажилладаг. Гал сөнөөгчдийнхөө дунд орж галаа унтраачихаад гарч ирж хэвлэл мэдээллийнхэн бидэнд мэдээлэл өгдөг. Та томоохон гал гарлаа гэхэд дуудагдаж очдог уу?

-НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, Гал түймэртэй тэмцэх асуудал хариуцсан Дэд даргын үндсэн үүрэг нь гал, гамшгийн үед биечлэн очиж удирдах. Энэ миний үндсэн үүрэг болохоор хүний амь нас эрсэдсэн, улсын онц чухал объект шатсан болон аврах ажиллагаа олноор шаардагдсан ажиллагаан дээр заавал очиж, мэргэжлийн удирдлагаар хангах үүрэгтэй. Яагаад гэхээр хэдий тэнд аврах үйл ажиллагаа, гал сөнөөх үйл ажиллагааг явуулж байгаа ч гэсэн тэднийг заавал удирдан чиглүүлэх шат шатны дарга байх ёстой. Удирдах бүрэлдэхүүнийг Хууль сахиулахын их сургууль болон ОХУ-д бэлтгэж байгаа. Гэхдээ бид тэднийг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэгтэй. Миний хувьд олон анги очсон, нарийн түвэгтэй, тэсэрч дэлбэрэх аюултай зэрэг гал дээр аврах, унтраах, сэргийлэх ажиллагааг нэгэн зэрэг уялдуулах, мөн хуулиар хүлээсэн үүрэг бүхий ус суваг, төмөр зам, цагдаа, СӨХ, эмнэлэг, мэргэжлийн хяналт зэрэг олон байгууллагыг хооронд нь нэгтэж, зохицуулж, зангидаж ажиллах үүрэгтэй л дээ. Анхан шатны нэгжийн дарга бол зөвхөн галаа унтраана, дараагийн шатны дарга бол хоёр тасгийг нэгтгэж ажиллуулна гэх зэргээр чиг үүрэг нь харилцан адилгүй байдаг. Зарим хүмүүс миний ажлын чиг үүргийг мэдэхгүй болохоороо “дарга юм байж өрөөндөө л сууж байхгүй, яагаад гал дотор явж байгаа юм бэ” гэдэг.

Галын дуудлага авах бүртээ гал сөнөөгчдөө гэмтэж, бэртэх вий гэж эмээдэг

-Таныг “Говь” ХК-д гарсан галын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байхад сошиал сүлжээгээр “Яг энэ хүн шиг ажлаа сүрхий мэддэг дарга бүх шатандаа томилогдоосой” хэмээн таниар бахархасан сэтгэгдлүүд их байсан. Ингэхэд та Онцгой байдлын албанд хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би энэ албанд 1993 оноос хойш зүтгэж байна. 1990 онд Ерөнхий боловсролын V сургуулийг төгсөөд цэрэгт явсан. Тухайн үед хэдэн жил ажил хийж байгаад их сургуульд орно гэсэн бодолтой байсан. Тэр ч утгаараа цэргээс халагдаж ирээд 21 настайдаа НОБГ-т гал сөнөөгчөөр ажилд орсон доо. Ингээд тав, зургаан жил ажиллаад цагдаагийн дээд сургуульд суралцаж төгсөөд дараа нь Цагдаагийн академид эчнээгээр сурсан. Мөн Удирдагын академийг төгссөн. Сурч байхдаа сургуулийнхаа дотуур байранд байрлах шаардлагатай болж, хоёр жил ажлаасаа чөлөөлөгдсөн. Бусад үед нь ажлаа хийхийнхээ хажуугаар сурсан.

-Та НОБГ-ын дэд даргаар хэзээ томилогдсон билээ?

-НОБГ-ын дэд даргаар найм дахь жилдээ ажиллаж байна. Томилогдохоосоо өмнө ОБЕГ-т гал унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн хийж байсан. Тэрнээс өмнө гал сөнөөгч, салааны дарга, байцаагч гээд яг л галаараа л дагнаж ажиллаж байв /инээв/. Энэ албандаа томилогдсоноос хойш нийслэл хотод гарсан томоохон хэмжээний бүх л гал дээр очсон, бүгдийг нь маш сайн унтраасан л гэж боддог шүү. “Well mart”-ын хоёрдугаар давхарт гарсан галыг унтрааж нэгдүгээр давхар руу нь ороогүй, “Сандэй плаза”-гийн галыг доор нь унтраагаад дээшээ тархуулаагүй. Нарантуулыг ч мөн адил.

-“Нарантуул” зах, “Сандэй плаза”, “Шангри-Ла” хоёр, гурван удаа шатсан байх аа?

-Тэгсэн, хэд хэдэн удаа шатсан. “Саруул” зах гурав шатсан, хоёр дээр нь очсон, “Шангри-Ла”, “Нарантуул”, “Сандэй плаза” мөн адил гурван удаа шатсан. Бүгдэд нь очиж ажилласан.

Энэ удаагийнх шиг иргэд болон аж ахуй нэгж байгууллагынхан  ингэж сэтгэлээ шингээж ирж байсан тохиолдол их ховор. Тэр их хүнд ажлын хажуугаар амттай шимттэй юм идэж, уун бусдаас “баярлалаа” гэдэг үгийг сонсох үнэхээр сайхан байсан.

-Эргээд харахад таны ажилласан хамгийн том гал юу байсан бэ?

-Гал сөнөөгчөөр ажилд ороод хоёр дахь гараан дээрээ анхныхаа галын дуудлагад явсан. Одоо бодоход л маш их айсан болохоороо тэр л хамгийн том гал байж. Зуслангийн байшин шатсан дуудлага байсан. Тэр үед цэргээс ирээд удаагүй байсан болоод ч тэр үү, айдас нь арилаагүй байсан шиг байгаа юм. Яагаад ч юм гал дотор ганцаараа байгаа юм шиг санагдаад байсан. Одоо бол тийм юм байхгүй шүү дээ. Бид багаараа олуулаа очиж байна. Үхвэл нэг довон дээр үхнэ, сэхвэл нэг довон дээр сэхнэ гээд л дайрчихдаг шүү дээ.

Гэхдээ гал болгон том, гал болгон айдастай. Эхэндээ тэр айдас нь өөрийгөө яах бол гэж боддог байсан бол сүүлдээ галын дуудлага авах бүртээ гал сөнөөгчөөр ажиллаж байгаа залуучуудыгаа гэмтээж, бэртээчихгүй юмсан, ар гэрийнхэндээ эрүүл саруул яваад очоосой гэж өөрийн эрхгүй боддог, эмээдэг болдог юм билээ. Миний хүүхэд шиг л залуучууд гал сөнөөгчөөр ажиллаж байна шүү дээ. Бусдаар бол гайгүй ээ, манай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж сайжирсан, зааж сургаж байгаа хүмүүс маань ч маш чадвартай.  ОБЕГ-т үе үеийн мундаг дарга нар олон байлаа. Тухайлбал, талийгаач Д.Батбаатар комиссар, Хишигбаатар дарга, Залуухүү дарга, Нямбаяр зэрэг олон дарга нарынхаа нөмөр нөөлөгт их зүйл сурсан. Мөн энд байгаа олон сайхан хэлтсийн дарга нар байна. Хэлж ярих, тусалж дэмжих, олон мундаг хүмүүстэй ажиллаж, тэднээсээ өдөр бүр суралцсаар л явна.

-Гал сөнөөгч, аврагчидтай холбоотой олон гашуун түүх бий. Дорнодод гарсан ой, хээрийн түймрийн унтрааж яваад амиа алдсан гал сөнөөгчид, Ми-8 –ын осол гээд…?

-Тийм ээ, хэцүү… Ми-8-ын осол болох үед би гадаадад томилолттой байсан. Тэр үед манай дарга Д.Батбаатар коммиссар /Ми-8 ослоор амиа алдсан/ маань “За хоёулаа долоо хоногийн дараа уулзаж, тэмцээндээ орно шүү” гээд өөрөө Кызыл рүү гурав хоногийн, намайг Швейцарь руу долоо хоног томилолтоор явуулсан юм. Гэтэл дарга маань томилолтоосоо ирээд л ой, хээрийн түймэр унтраахаар яваад харамсалтайгаар амиа алдсан /хэсэг дуугаа хураав/. Намайг тэнд байхад осол болсон.

-Та нарын хувьд ажил үүргээ гүйцэтгэж байгаад эрсдэлтэй нөхцөл байдалтай тулгарч, азаар амь аврагдсан ч юм уу тийм тохиолдол их байдаг болов уу?

-Надад биш ч хамт ажиллаж байсан хүмүүст маань тийм зүйл тохиолдож л байсан. 2003 онд нэгдүгээр хороололд нэгэн граажид гал гарч, дотор нь байсан арав гаруй автомашин шатсан. Тэр үед бид галыг унтраагаад бараг дуусч байх үед гэнэт халчихсан байсан шатахууны сав дэлбэрч, хажууд байсан гал сөнөөгч маань 3-4 метрын өндөр шидэгдээд газарт унасан. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад юм нурах, мөргөх, хөл алдах гээд эрсдэл их шүү дээ.

Нэг гал унтраах ангид өдөрт  5-6 дуудлага ирдэг

-Энэ бүхнийг хэрхэн давж гардаг вэ?

-Олон жилийн уйгагүй бэлтгэгдсэн дасгал сургуулилт, мэргэжлийн бэлтгэл, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа тэр нь цусаар бичигдсэн байдаг, мэдрэмж зэрэгтэй салшгүй холбоотой. Нэг л сонор сэрэмж алдах юм бол амь насаа алдах эрсдэлтэй. Үүнийг л сайн бодож байх хэрэгтэй.

-Гал сөнөөгч, аврагчид хаана бэлтгэгдэж энэ албанд ордог бэ?

-Хууль сахиулахын их сургууль дээр 4-6 сарын курст сууж, бэлтгэгдэж байгаа.  Биеийн хүчний шалгалт, онолын мэдлэг, тестын шалгалт өгч байж элсэж ордог. Тэнд бол огт усанд сэлж чаддаггүй хүнийг сэлж сургадаг, өндрөөс аврах ажиллагаа, гал сөнөөх ажиллагаа гээд бүгдийг нь зааж байгаа. Гэхдээ тэр курст орсон залуучуудын зарим нь замынхаа голоос шантраад гарах нь цөөнгүй.
Гал сөнөөгчийг тэнд бэлтгэж, анхан шатны мэдлэг олгоод бусад дадлага туршилгыг нь насан туршид нь олгодог.

-Онцгой байдлын газрын техник, тоног төхөөрөмж ямар байдаг вэ. Орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдож чадсан уу?

-Анх гурван байгууллага нэгдэж байх үед техник хангамж 30 орчим хувьтай байсан. Зөвхөн Улаанбаатар хотод л 2003 онд төслөөр хэрэгжсэн 17 автомашинтай, бусад нь 1970-1980 оны орос автомашинтай байсан. Одоо бол байдал өөр болж байна. Улаанбаатар хотод сүүлд Жайкагийн хоёр дахь шатны төслөөр 22 автомашин ирсэн. Өнөөдөр нийслэлд хуучны орос автомашин байхгүй. Байгаа нэгийг нь нөөцөнд, ой, хээрийн түймэр гарсан үед бартаат замд ус хүргэх зориулалтаар л ашиглаж байна.

-Нийслэлд 15 гал унтраах анги байгаа гэсэн. Эдгээр ангид хэчнээн автомашин байгаа вэ?

-Гал унтраах зориулалттай 39 автомашин байгаа. Энэ бол зөвхөн эхний ээлжинд гарах нь. Ард нь нөөцөнд байгаа болон аврах ажиллагааны, шуурхай албаны, ой, хээрийн түймэрт явдаг гээд 150-160 автомашин бий. Говь ХК гарсан гал дээр 30 орчим нь ажилласан.

-Улаанбаатар хотод байгаа гал унтраах ангиудын хүчин чадал хүрэлцдэг үү. Жил ирэх бүр л нийслэлийн хүн амын тоо нэмэгдэж, суурьшлын бүс нь тэлж байгаа шүү дээ?

Хот төлөвлөлтийн дүрэм ба норм болон Монгол Улсын стандартад нэг гал унтраах ангийг хүн амынх нь нягтралаас шалтгаалаад 4-5 км-ын радиуст үйлчлэхээр байгуулах ёстой гэж заасан байдаг. Үүнийг мөрдөх боломжгүй байгаа л даа. Яг энэ стандартыг мөрдвөл одоо байгаа 15 гал унтраах анги дээр нэмж 50-60 анги байгуулах шаардлагатай болж байгаа юм. Ингэхээр улсын төсөв хүрэхгүй. Манайх сүүлийн арав орчим жилийн хугацаанд ОБЕГ-ын хэмжээнд 10 гаруй гал унтраах анги нэмж байгуулсан байдаг. Үүний хоёр нь Улаанбаатар хотод. 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны чиг хандлагаар арав гаруй гал унтраах анги байгуулахаар төлөвлөн, газрыг нь хайж байгаа. Энэ хүрээнд зуслангийн бүсэд нэг гал унтраах анги байгуулахаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр бариулахаар тендерийг нь зарласан байгаа.

-Дамбадаржаад нэг гал унтраах анги байдаг. Зуны цагт зуслангийн бүсэд явуулын гал унтраах анги байрласан харагддаг?

-Явуулаар гардаг. Гэхдээ хэцүү л дээ. Бид чинь хүн шүү дээ, хөлөө жийгээд амрахаа бодно. Халуунд байнга машиндаа суугаад байна гэдэг хэцүү. Газрын асуудал хэцүү. Цэлийсэн газар харагддаг боловч очихоод эздүүд нь уурлаад хавьтуулдаггүй. Ингээд л Шарга морьтын гүүрний тэнд шавран дунд явуулын гал унтраах ангиа нэг хэсэг байлгаса, дараа нь наашлаад цагдаагийн хэсгийн хажуугийн жорлонгийн тэнд нэг хэсэг байрлах жишээтэй.

-Онцгой байдлын аврагч, гал сөнөөгчдийн цалин хангамж хэр байдаг вэ?

-Төрийн тусгай албан хаагчийн зэрэглэлээр цалинждаг. Гал сөнөөгчдийн хувь хамгийн бага нь ТТ7-р цалинжиж байна. Дээр нь цолны нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, онцгой байдлын албаны гээд гурван нэмэгдэл авна. Ингээд манай алба хаагчдийн хамгийн бага нь 500,000 орчим төгрөгийн цалин авч байгаа.

Биднийг зорьж ирсэн, сэтгэл зүрхээрээ хамт байсан та бүхэндаа маш их баярлалаа

-Хамгийн их ачаалалтай үе нь ямар улирал байна вэ?

-Урьд нь өвлийн улирал их ачаалалтай байдаг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд өвөл, зун ялгаагүй ачаалалтай болсон. Анх намайг гал сөнөөгчөөр ажиллаж байхад зуны улирад 1-2 галын дуудлага л ирдэг байв. Тэр үед хонх дуугарахаар бүр сонин сонсогддог байлаа  шүү дээ. Гэтэл өнөөдөр бол өдөрт нэг анги дээр 5-6 дуудлага ирж байна. За тэгээд хавар, намар ой хээрийн түймэр их гарна. Аврагч нарын тухайд жилийн дөрвөн улирал ялгаагүй л гүйнэ. Амиа хорлолт, усанд осолдох, осол аваар гээд очихгүй дуудлага гэж байхгүй шүү дээ.

-Туул голд завьтай эргүүл ажиллаж байсан. Гол усанд осолдох тохиолдол зуны улиралд нэмэгддэг байх. Зургадугаар сар гарснаас хойш усанд осолдсон хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Дөрвөн хүүхэд усанд осолдож амиа алдсан. Саяхан гурван настай хүүхдийг уснаас аварсан. Ер нь эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй орхисноос үүдэн хүүхдүүд усанд осолдож амиа алддаг. Харин өсвөр насныхны хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орж сэрүүцэх гэж байгаад амиа алдах тохиолдлууд их байна. Ер нь эцэг, эхчүүд хүүхдээ том болсон гэж бодолгүй байнга л хараа хяналтдаа байлгахыг энэ дашрамд анхааруулж байна.

-Говь ХК-д гарсан галыг унтраасан алба хаагчдад манай үндэсний үйлдвэрлэгчид сүү, чацаргана, бялуу гээд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээсээ аваачиж өгч, талархсан сэтгэлээ илэрхийлж байсан. Гал сөнөөгчид маань хэр сэтгэл хөдөлсөн бол оо?

-Тийм ээ, ус, ундаа, нарийн боов, сүү, тараг гээд маш их зүйлийг бидэнд авчирч өгсөн. Тэнд байсан алба хаагчид маань маш их баярласан. Бид янз бүрийн гал дээр олон цагаар ажиллаж байсан. Нарантуул захын гал дээр бүтэн 24 цаг ажиллахад сүүлд л нэг хоол унд ирж байсан. Бөмбөгөр дээр ажиллаж байхад мөн л сүүлд нь хоолтой залгасан. “Хаан гэр” шатахад Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас хооллож байсан. Ер нь хуулийнхаа дагуу тухайн орон нутгийн засаг захиргаа нь хоол, унд зохицуулж өгөх жишээтэй. Харин энэ удаагийнх шиг иргэд болон аж ахуй нэгж байгууллагынхан  ингэж сэтгэлээ шингээж ирж байсан тохиолдол их ховор. Тэр их хүнд ажлын хажуугаар амттай шимттэй юм идэж, уун бусдаас “баярлалаа” гэдэг үгийг сонсох үнэхээр сайхан байсан. Түймэр дээр бид гурав хоногийн хүнсний нөөцтэй очих ёстой. Борц, будаа, гоймон зэрэг л бий. Тэрнээс хойш бол хангалтанд орж эхэлнэ. Цуйван, хуушуур зэргийг л өдрийн хоёр удаа ч юм уу л иднэ. Хааяа нэг боов, талх ирнэ. Харин саяны түймэр дээр байсан нөхдүүд тансаг байна лээ, “Жүр үр”-ийн торт идчихсэн /инээв/ Заримдаа ч бүр уйлчих гээд л байдаг шүү дээ, гэр орноосоо олон хоног хол, хувцастайгаа босоогоороо шахуу унтаад ядарч байгаа нэгэндээ усыг нь дөхүүлээд, “май” гээд амттай юм өгчихөөр тэд маань баярлаад л явчихдаг. Манайхны 50-60 орчим хувь нь дан залуучууд байдаг юм. Өнгөрсөн баасан гаригт Дэвшил ХХК-ийнхан шинэ ургацынхаа өргөст хэмх 300 кг-ыг, Органик жүүсийн хамт олон жүүснээсээ өгсөн. Мөн Хятадад сурдаг хэдэн залуус багаж хэрэгсэл, бэлэн мөнгө өгсөн. Ууланд авирагчдын Эко клубынхэн гээд…тусалж, дэмжсэн байгууллага, хувь хүмүүс олон бий.

Энэ дашрамд Онцгой байдлын алба хаагчдыг гэж зорьж ирсэн, сэтгэл зүрхээрээ хамт байсан та бүхэндаа маш их баярлалаа гэж танай сониноор дамжуулж хэлэхийг хүсч байна.

Эх сурвалж: www.eagle.mn

 

scroll to top