Булган аймгийн Булган, Бугат, Орхон сум, Орхон аймгийн Баян-өндөр, Жаргалант сумын нутгаар 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22:30 цагийн орчимд аадар бороо, мөндөр орж, хүчтэй салхи шуурга болж Булган аймгийн Орхон сумын “Залуугийн хөндий” гэдэг газар Булган-Эрдэнэт чиглэлийн 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр анкер багана 2, бетон багана 11, 6000 вольтын 31, нийт 44 тулгуур багана хугарч унасны улмаас 5 аймгийн 159 суманд 70198 хэрэглэгчийн цахилгаан тасарсан.
Түүнчлэн Булган аймгийн Орхон, Сайхан, Хутаг-Өндөр, Төв аймгийн Дэлгэрхаан, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдад нийт 80 өрх айлын гэр нурж, Архангай, Булган, Төв, Орхон аймгийн нийт 2651 толгой мал, 48 тахиа хорогдож, олон тооны хашаа нурж, байшингийн дээвэр салхинд хийсч, цонхнууд хагарсан байна.
Ихэнх нутгаар 28-38 градус, говь тал болон Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газраар 33-38 градус хүрч олон хоног үргэлжлэн халсны улмаас хүчтэй салхи (нөөлөг салхи) гарах үндсэн шалтгаан нь болж тухайн үед салхины хурд 28-34 м/с буюу түүнээс дээш хүрсэн байх магадлалтай гэж цаг уурын байгууллага үзэж байгаа юм.
Үүссэн нөхцөл байдалтай танилцах, сэргээн босгох ажиллагааг шуурхай зохион байгуулах зорилгоор Улсын онцгой комиссын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг дээрх аймгуудад ажиллаж байна.
Мөн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн засварын 5 бригадын 80 инженер, мастер, 41 автомашин, механизм, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын 41 ажилтан, Онцгой байдлын газрын 50 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 ангийн 60 офицер, ахлагч, цэргийн дүйцүүлэх албаны 20 цэрэг, Цагдаагийн газрын 7 алба хаагч, Улаан загалмайн хорооны 78 сайн дурын ажилтан, Баян-Өндөр сумын 50 иргэн, Эрдэнэбулган цахилгаан түгээх станцын 25 ажилтан, Орхон АЗЗА ТӨХК-ийн 6 ажилтан, “Эрдэнэт-Ус” ХХК-ийн 30 ажилтан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 21 ажилтан, нийт 468 ажилтан, алба хаагч, 89 техник хэрэгсэл, Булган аймгийн Засаг даргын тамгын газрын 20 ажилтан, Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Орхон сумын 7 иргэн, Эрдэнэт, Булган, Улаанбаатар, Дархан, Багануур, Хархорин, Өвөрхангай аймгийн Эрчим хүчний 7 салбараас 120 ажилтан, нийт 152 ажилтан, алба хаагч, 27 техник хэрэгсэл, Орхон, Булган аймгийн нийт 652 хүн, 116 техник хэрэгсэл ажиллаж байна.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн засварын 5 бригад 2017 оны 06 сарын 29,30-ны өдөр Булган аймгийн Орхон сумын “Залуугийн хөндий” гэдэг газар 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 3 тулгуур багана, Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Ар мэргэн” гэдэг газар 6000 вольтын цахилгаан дамжуулах агаарын шугамын 31 тулгуур баганыг тус тус сэргээн босгоод байгаа бөгөөд 2017 оны 07 сарын 02-ны өдөр хэвийн горимд оруулахаар төлөвлөжээ.
Дээрх аймгуудад гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.